ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг шүүх хурлыг дахин хойшлууллаа

O.Admin
2023-12-13

"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч өмгөөлөгч нарын зүгээс хойшлуулах хүсэлт гаргасан. Харин улсын яллагчийн зүгээс хурлыг хэвийн үргэлжлүүлэх санал гаргасан ч шүүх уг хүсэлтийг хэлэлцэж, хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргалаа. Тодруулбал, энэ сарын 27-ны 10.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Ганхуягийн талаас өмгөөлөгч шинээр авсан, нэг өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан зэрэг шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасан юм. Тэрбээр "Зарим өмгөөлөгчөө сольж, шинээр өмгөөлөгч авахаар болсон. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээ өчигдөр байгуулсан. Хууль зүйн туслалцаа авахад нэг л болож өгөхгүй, өмгөөлөгчтэйгөө сайн ойлголцохгүй байгаа. Би өнөөдрийн шүүх хуралдаанд н.Гантулга өмгөөлөгчтэй оролцоно. Гэхдээ бидэнд цаг хэрэгтэй байгаа" гэв.

Улсын яллагч "Хүсэлттэй танилцлаа. Уг хэрэг шүүхэд шилжээд дөрвөн сар ес хоног болж байна. Түүнээс хойш гэм буруугийн шүүх үндсэндээ гурван удаа зарлагдсан.

  • Есдүгээр сарын 28,
  • аравдугаар сарын 30,
  • арваннэгдүгээр сарын 13-нд гээд зарлагдсан шүүх хурлууд тодорхой шалтгаанаас хойшилсоор байсан. 

Шүүгдэгч Б.Ганхуяг гурван өмгөөлөгчтэйгөөр хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар оролцож байгаа. Хоёр өмгөөлөгч оролцох боломжтой. Нэг өмгөөлөгч нэмж авч байгаа, өчигдөр гэрээгээ байгуулсан гэлээ. Гэм буруугийн шүүх хуралдаанд нотлох баримт болон бусад бүх баримтыг шинжлэх судалдаг. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч хууль зүйн дүгнэлтээ хийгээд явах боломжтой, заавал хэргийн материалтай танилцах шаардлагагүй гэж үзэж байгаа. Энэ ирцээрээ үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна" гэлээ.

Б.Ганхуягийн өмгөөлөгч н.Гантулга "Өчигдөр гэрээгээ байгуулсан. Хэргийн материалтай танилцах хүсэлтээ бичгээр гаргаж байна. Улсын яллагч нь өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах шаардлагагүй гэлээ. Гэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан улсын яллагчийн санал дүгнэлт нь үндэслэлгүй байна. Өмгөөлөгч хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр шүүгдэгч Б.Ганхуягт хууль зүйн туслалцаа үзүүлнэ. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү" гэв.

Уг хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдаан түр завсарласны эцэст арванхоёрдугаар сарын 27-ны 10:00 цаг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв. Ингэснээр шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшлогдож байна.