ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Чимэддорж: МАН иргэдийн саналыг татвар төлөгчдийн мөнгөөр худалдаж авах оролдлого хийж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-01-11

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга С.Буяндэлгэр, Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч Р.Булгамаа нар Тусгаар тогнол баялагийн сангийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Гэр бүл, хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. 

Mungkin gambar 3 orang dan teks

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар Ардчилсан намын дэд дарга С.Буяндэлгэр: -Ардчилсан нам гадаадаас хөрөнгө оруулалт татаж чаддаг, түүнийгээ нийгэм, эдийн засагт үр ашигтайгаар зүй зохистой хэрэгжүүлж, иргэдийнхээ амжиргааг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулж чаддаг улс төрийн хүчин. Гэтэл сүүлийн үед нийгмийн сүлжээнд Ардчилсан нам гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцэж буй мэтээр увайгүй, төөрөгдүүлсэн мэдээллийг тарааж байна.

Түүнчлэн, Эдийн засгийн хөгжлийн сайд  Ч.Хүрэлбаатар огт байгаагүй хуулийг зохиож, санаачлан батлуулах гэж байгаа мэтээр ярих болсон. Энэ хуулийг 1993 онд батлаж, 2013 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт эдийн засагт, хувийн хэвшилд ус агаар мэт хэрэгтэй. Үүнийг дутуу харж болохгүй. 2024 онд дэлхийн олон оронд сонгууль болно. АН сонгуульд ялж, төрийн эрх барихаар боллоо гэхэд бусад улс энэ хуулийг л хүлээнэ. ГХО-ын орчноо хэр сайжруулах, авлигыг хэрхэн бууруулах, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдгийг харна. АН төрийн эрхийг барих үедээ авлигыг бууруулдаг. Энэ чинь л хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж буй дохио, түүнээс биш хууль өөрчлөхийг хэлэхгүй. Тиймээс хоёрын хооронд өөрчлөлт битгий хийгээч гэсэн шаардлагыг тавьж байна.  

Эрх баригчдаас мөнгө тараахгүйгээр асуудлыг цогцоор нь авч үзэхийг шаардаж байна

Mungkin gambar 1 orang dan teks

Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж: -Эрх барьж буй улс төрийн хүчин иргэдийн саналыг татвар төлөгчдийн мөнгөөр худалдаж авах олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэх зорилгоор АН-аас Үндэсний баялгийн тухай хуулийг боловсруулж, 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн гол зорилго нь эрдэс баялагийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг нээлттэй, бие даасан засаглалтай болгох, өнгөрсөн хугацаанд хуримтлагдаж ирсэн ЭМ, НД-ын төрөөс төлөх ёстой өрийг төрөөс мөнгөжүүлэх замаар бие даасан сангууд болгон хөгжүүлэх, бие даасан сангуудын засаглалыг олон улсын төвшинд хүрсэн хөрөнгийн удирдлагын мэргэжлийн байгууллагын удирдлагад шилжүүлэх зэрэг олон заалтыг оруулсан.

Харамсалтай нь, эрх баригч нам өнөөдрийг хүртэл УИХ-аар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй байна. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай гэсэн тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ тогтоолын төслийн гол агуулга нь сонгуулиас өмнө  хувьцаанаас иргэдэд тараан санал худалдан авах, зээл авах замаар иргэдэд мөнгө тарааж улсын эдийн засгийг эрсдэлд оруулахад чиглэгдсэн. Эрх баригчдаас мөнгө тараахгүйгээр, Үндэсний баялагийн сангийн тухай хуулийг УИХ-ын чуулганаас хэлэлцэж, асуудлыг цогцоор нь авч үзэхийг шаардаж байна.

Хүүхдийн эрх зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг огт тусгаагүйд харамсаж байна

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санаачлан “Гэр бүл, Хүүхдийн ашиг сонирхол ба хууль зүйн шинэчлэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд энэ талаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан:-Хэдхэн хоногийн дараа Ардчилсан Үндсэн хуулийн ой болно. Үндсэн хуульд “гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн заалт бий.  Өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг болох байсан. Гэтэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дуулианд дарагдаж, хойшиллоо. Энэ бол монголчуудын эрх ашгийн эрэмбэ ямар төвшинд байсныг илтгэж байна. Хүндээ чиглэсэн нийгмийн хамгаалал, хүүхэд хамгаалал, эрүүл мэнд гэсэн асуудлыг огт ойшоохгүйгээр, эдийн засаг, мөнгө санхүүгийн асуудалд анхаарал хандуулж байгаад Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо шүүмжлэлтэй хандаж байна. 

Mungkin gambar 1 orang

УИХ-аар хэлэлцэгдэж буй Хүүхэд хамгааллын тухай хууль болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч Р.Булгамаа: -Манай улсын нийт хүн амын 36.3 хувийг хүүхдүүд эзэлдэг. Үүнээс 36316 нь  хагас өнчин, 2911 нь бүтэн өнчин, 1478 нь гадаад, дотоодын иргэнд үрчлэгдсэн байна. Хүнсний эрхийн бичигт хамрагддаг 76 мянган хүүхэд, нийгмийн халамж, дэмжлэг шаардлагатай 460343 хүүхэд байна. Мөн эрсдэлтэй нөхцөлд амьдардаг хүүхдийн тоо 14207 болж, түр хамгаалах болон нэг цэгийн үйлчилгээгээр тусламж авдаг хүүхдийн тоо зөвхөн нэг жилд 3000-ыг давсан. Асрамж халамжийн төвд 1000 гаруй хүүхэд өсөж байна.

Энэ тоон мэдээлэл нийт хүүхдийн тэн хагаст нийгмийн халамж анхаарал зайлшгүй хэрэгтэйг илэрхийлж байгаа хэрэг. Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын бодлогыг бий болгоход Хүүхэд хамгааллын хууль чиглэгдэх учиртай. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад АЭХ-оос оруулсан саналуудын тодорхой хэсэг нь тусгагдсан хэдий ч, зарим нэг санал огт тусгагдахгүй байна. Тухайлбал, хүүхдийн өмнө хүлээх эцэг эхийн хариуцлагыг хуулиар маш тодорхой зохицуулах шаардлагатай.

Жилд дунджаар 1500 гаруй хүүхэд гэмт хэргийн холбогдогч болж байна. Жилд дунджаар 100 гаруй хүүхэд гэмт хэргийн улмаас нас барж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын тоо 300-г, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 200-г давчихлаа. Бид үр хүүхдээ халамжлах үүргээсээ зугтаадаг эцэг эхийн хүлээх хариуцлагыг шинэ төвшинд гаргахыг шаардаж байна.

Эцэг, эхийн үүргээ биелүүлээгүй иргэдийг зөвхөн сургалтад хамруулах талаар тусгаснаас гадна Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагалдаж байгаа 13 хуульд Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль ороогүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрх зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг огт тусгаагүй тул зүгээр л тунхагласан шинжтэй хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шинэ төвшинд хүргэж, хүүхдийн өмнө хүлээсэн үүргээсээ зугтаж буй эцэг эхчүүдэд хүлээлгэх тэтгэлгийн хэмжээг нэмэхийг олон эмэгтэйчүүд хүлээж байна. Тэтгэлгээ төлдөггүй эцэг, эхчүүдийн тоо 60 хувийг эзэлдэг. Тэтгэлэг төлөлт дөнгөж 30 хувьтай байхад эцэг, эхчүүдэд хүлээлгэх хариуцлагын асуудлыг хуульд тодорхой тусгах шаардлагатай. Хүүхдийн тэтгэлгийн эрсдэлийн санг бий болгож тэтгэлгээ төлдөггүй хүмүүсийн өмнөөс төр бүрэн тэтгэлгийг төлж, уг иргэдээс тэтгэлгийг авдаг саналыг хуульд тусгуулахаар санал өгсөн ч, хуулийн төсөлд тусгагдаагүйд бид харамсаж байна. Хууль санаачлагчдаас хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавьсан хуулийг батлаж, нэн даруй мөрдүүлэхийг хүсэж буйгаа үүгээр илэрхийлж байна” хэмээлээ.

Мөн Ардчилсан намын мэдээллийн төгсгөлд такси үйлчилгээ эрхэлж буй иргэд 5-50 сая төгрөгөөр торгуулах хууль хэрэгжиж эхлэх гэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.