ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Гантөмөр: 1072 хувьцааны ногдол ашиг олгох хугацааг сунжруулж болохгүй

O.Admin
2024-01-31

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа. Тэгвэл уг асуудлаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн иргэдийн эзэмшдэг 1072 ширхэг хувьцаанд ногдол ашиг өгөх, өгөхгүйн тухай яриа Монгол Улс даяар хий үзэгдэл шиг тэнүүчилж байна. Энэ тухайд Ардчилсан нам хийгээд миний байр суурь маш тодорхой.

Нэгэнт л иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг тохиолдолд ногдол ашгаа хүртэх нь зүйн хэрэг. Тус компани 2022 онд 1,5 их наяд, 2023 онд гурван их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэх. Тиймээс өнгөрсөн оныхыг төдийгүй түүний өмнөх жилийн ашгаас ч иргэдэд олгох ёстой. Энэ бол улстөржүүлэх сэдэв биш. Гэхдээ сонгууль ойртож байгаа учраас хувьцааны ногдол ашиг олгох хугацааг сунжруулж болохгүй гэж бодож байна. Энэ ч утгаараа УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "Тусгаар тогтнол" Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Энэ хууль батлагдсанаар иргэд байгалийн баялгаас хувь хүртдэг болж Засгийн газар биш хөндлөнгийн хараат бус удирдлагатай Үндэсний баялгийн сантай болно. Үр дүнд нь баялгийг улстөрчдийн гараас салгаж, иргэд хувьцаа эзэмшигчдийн хяналтад оруулж, авлига хулгайг устгахад дөхөм болно. Дахин хэлэхэд, Ардчилсан нам иргэдэд хувьцааны ногдол ашгийг нэн даруй олгох ёстой гэсэн байр сууриндаа зогсох болно.