ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Ганбаатар: Евро92 савандаа багтахааргүй их нөөцтэй байна

O.Admin
2024-01-31

Өнгөрөгч амралтын өдрүүдэд зарим шатахуун түгээх станцууд бүтээгдэхүүнээ хязгаартайгаар олгож, иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Уг асуудлаар салбарын сайд Ж.Ганбаатараас тодруулахад, шатахууны нөөц хангалттай, дизель түлшний үнэ 3300 төгрөгт хүрч буурсан талаар мэдээллээ.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “ЕБС-ийн хичээл эхэлсэн, Цагаан сартай холбоотой орон нутгаас ирэх автомашины урсгал нэмэгдсэн зэрэг шалтгаанаар ачаалал нэмэгдсэн. Гэхдээ шатахууны нөөц хангалттай байна. Амралтын өдрүүдэд ачаалал үүссэн. Одоо бол хэвийн болсон. Ерөнхийдөө Цагаан сарын өмнө иргэдийн АИ92 шатахууны хэрэглээ нэмэгддэг. Дизель түлшний үнэ 3300 руу орж буурсан. Сайн зүйлийг бас мэдээлж байгаарай. Засгийн газар болон УУХҮЯ хатуу байр суурийг барьснаар үнэ буурсан. Би үнэ буурна гэдгийг өмнө нь мэдээлж байсан. Дизель түлшний үнэ буурснаар уул уурхайн бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө. Уул уурхайн компаниуд дизель түлшээ 5000 төгрөгөөр авч байсан бол одоо 3300 төгрөг болж буурсан.

Шууд хэлэхэд Магнай трейд компани шатахуунаа дотоод асуудлын улмаас хязгаарлалттай олгож байгаа.  Өөр ганц нэг компани ч бий. Түүнээс биш хэрэглээ нөөцтэй ямар ч холбоогүй” гэлээ.

Мөн “Евро92 шатахууны нөөц их байна. АИ92 ч түүнээс их нөөцтэй. Компаниудын хувьд Евро92 шатахуунаа борлуулах сонирхолтой байх шиг байна. Энэ асуудлаар яам олон байгууллагатай хамтарч ажиллаж байна. Болохгүй бол Евро92-ыг 2340 төгрөгөөр заруулна. Арга хэмжээ авна. Шатахуун хомсодсон асуудал байхгүй. Евро92 савандаа багтахааргүй их хэмжээтэй байна” хэмээв.