ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амарбаясгалан: Шинэ хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг хүүхдийн мөнгөний дансаар олгогдоно

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-01-31

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын өнөөдрийн хурлаас гаргасан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг тараах эсэх талаарх шийдвэрийн талаар мэдээллээ.

Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 81.5 хувь нь төрийн мэдэлд, 18.44 хувь нь иргэдэд, 0.06 хувь нь 457 үндэсний ААН-д хувьцаа хэлбэрээр олгогдсон.

УИХ-ын тогтоолоор 2012 оны дөрөвдүгээр сарын 21-нээс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн Монгол Улсын иргэдийг шинээр хувьцаа эзэмшигч болгосон. Шийдвэртэй холбогдуулан 893 мянган шинэ хувьцаа эзэмшигч бий болж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хувьцаа эзэмшигчдийг бүртгэх ажлыг зохион байгууллаа.

Эцсийн дүнгээр Монгол Улсын хүн амын 90 гаруй хувь буюу 3.4 сая хүн хувьцаа эзэмшигч болсон. 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Сайн хувьцаа”-г гаргаж, ахмад настан, оюутан, иргэдэд хувьцаагаа худалдах нөхцлийг бий болгосон. Тухайн үед 385 мянга орчим иргэн өөрсдийн хувьцаагаа худалдсан. Нэгж хувьцааны үнэ 933 төгрөгөөр бодож зарсан байдаг. Хувьцаагаа бүрэн болон хэсэгчлэн зарсан иргэд хувьцаа эзэмшигчийн бүртгэлд явж байдаг.

2022 он, 2023 оны ногдол ашгийн дүн мэдээг хүргэе.  2022 онд "Эрдэнэс Тавантолгой" 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. УИХ-ын тогтоолоор 3.4 сая иргэн хувьцаа эзэмшигч болсон тул тэдгээр хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг  хуваарилахад нийт 351 тэрбум төгрөг ногдож байгаа юм.

Нэгж хувьцаанд оногдох үнэ 108 төгрөг. Татварын өмнөх дүнгээр нэг хувьцаа эзэмшигчид 116 мянган төгрөг, татвар суутгагдсаны дараа нэг хувьцаа эзэмшигчийн гар дээр 104 мянган төгрөг иргэдийн дансанд өнөөдөр орно. 2.5 сая хувьцаа эзэмшигчийн мөнгө өөрсдийн брокерийн компанид нээлгэсэн хувьцааны дансанд орох бол шинээр хувьцаа эзэмшигч болсон 893 мянган иргэдийн мөнгө хүүхдийн мөнгөний дансаар шилжиж орохоор зохицуулагдсан.

2023 оны ногдол ашиг ирэх хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэн гарна. Үндэсний аудитын байгууллага аудит хийснээр гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхэн үед 2023 оны ногдол ашиг ард иргэдийн дансанд шууд орно. 2023 оны ногдол ашиг урьдчилсан байдлаар 3.2 их наяд төгрөг. Үүний 864 тэрбум төгрөг нь иргэдийн эзэмшдэг 27 хувьд ногдож байна. Ингэснээр нэг иргэнд ногдох мөнгөн дүн татварын өмнөх байдлаар 286 мянган төгрөг, татварын дараах нь нэг иргэнд оногдох нь 257 мянган төгрөг.

Үндсэндээ 2022, 2023 оны ногдол ашиг татварын дараах байдлаар 361000 төгрөг иргэдийн гар дээр шууд олгогдохоор болж байна. ” гэлээ.