ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг тус бүр 40 сая төгрөгөөр торголоо

O.Admin
2024-03-13

УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж, шүүх дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.

Улмаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг.

Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татсан юм.