ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БАЙР СУУРЬ: АН мөрийн хөтөлбөртөө хүний хөгжлийг хамгийн эхэнд тавьжээ

O.Admin
2024-03-24

УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуулийн зохицуулалтай.

Тэгвэл өнөөдөр Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө боловсруулж, Үндэсний Аудитын газарт хүлээлгэн өглөө. Энэ үеэр намын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхсоноо хүргэе.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Одбаяр: Монгол орныг бүтэн тойрч давхардсан тоогоор 5100 орчим санал авч, мөрийн хөтөлбөртөө тусгасан

-Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш Ардчилсан намаас “Бүтэн Ардчилал” сэдвийн дор эдийн засгийн форумуудыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгууллаа. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд техникийн ажлын хэсэг гарч, Монгол орноо бүтэн тойрон нийтдээ 71 мянга орчим намын гишүүд, салбар мэргэжлийн холбоод, байгууллагуудаас давхардсан тоогоор 5100 орчим санал авсан.

Эдгээр саналуудыг хуульд заасан шалгуур шаардлагад нийцүүлж, “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал” сэдэвтэй мөрийн хөтөлбөрөө боловсруулан төрийн холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө. Мөрийн хөтөлбөрийн доторх зүйл заалтыг ярих хуулийн хугацаа болоогүй. Гэхдээ товчоор хэлбэл, нийгмийн хөгжлийг гацааж, ухраасан өнгөрсөн найман жилийн хугацааг нөхөхийн тулд эрчимт хөгжлийн бодлого хэрэгтэй. Энэ үүднээс нийгмийн бүхий л салбарыг хамруулсан, мэдлэг шинжлэх ухаанд суурилсан хэрэгжихүйц мөрийн хөтөлбөр гэхээсээ илүүтэй ажлын төлөвлөгөөг боловсруулж хүлээлгэн өглөө.

УИХ-ын гишүүд Ж.Батсуурь: Ардчилсан нам 9 бүлэг 90 дэд хэсэг 900 ажлыг багцалж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан

Ардчилсан нам 9 бүлэг 90 дэд хэсэг 900 ажлыг багцалж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Тоогоор нь харвал 999 сорьцтой мөрийн хөтөлбөр байна. 1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш ес дэх удаагийн сонгууль болох гэж байна. Өмнөх сонгуулиудад Ардчилсан намын барьж байсан мөрийн хөтөлбөр хүний эрх, хувийн өмч, тэр дундаа хувь хүний хөдөлмөрлөх, бизнес эрхлэх боломжийг өндөр түвшинд авчирч байсан гэдгээрээ түүх болж үлдсэн.

Харамсалтай нь, өнгөрсөн найман жилийн хугацаанд бүх зүйл урвуугаараа эргэж, намын тогтолцоот үйл ажиллагаа явагдаж байгааг улс орон даяар хэлж байна. Хүний эрх, хувийн өмч, бизнесийн эрх чөлөө юу болов. Төрийн өмчийн компаниудыг олон нийтийн харьяатай болгоно гэсэн чинь эсрэгээрээ болсон. Төрийн өмчид бөөгнөрөхөөрөө авлигал бий болдог. Монгол Улс олон улсын судалгаа дүгнэлтээр ардчиллын индексээр маш олон байраар ухарч буйг өдөр тутам сонсож байна. Авлига авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй байна. Энэ мэт болохгүй зүйлсийг эхлээд засъя.

Засгийн газар байгуулагдвал эхний 100 хоногт бүх яамдуудад засах шийдвэр гаргана. Засгийн газрыг зохистой төвшинд цомхон байлгана. Одоо хүнийхээ тоогоор бараг яамдтай болох гээд байна. Эдийн засгийг богино хугацаанд сэргээнэ. Ард түмний хүсэн хүлээж буй хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн сэргэлтийг богино хугацаанд хийснээр монгол хүн өргүй, Монгол төрийн дарамт байхгүй болно. Бизнесийн орчин сэргэнэ. Авлигачид 40-н их наядаар нь идэх бус ард түмний төсөв санхүү өсөх ёстой. Зудын хүнд нөхцөлийг даван туулж буй малчдыг урт хугацаанд малжуулах гэх мэт тодорхой зорилтуудыг оруулж өгсөн.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Үе үеийн Монгол оронд хийгдсэн томоохон өөрчлөлтүүдийг Ардчилалынхан манлайлдаг

- Өчигдөр намын ҮБХ-ны хуралдаанд бүх зүйлийг нягталж үзэхэд иргэдийн саналыг маш сайн шигтгэж өгсөн мөрийн хөтөлбөр болж чадсан. Ардчилсан нам бол хүн төвтэй. Тиймээс мөрийн хөтөлбөртөө хүний хөгжлийг хамгийн эхэнд тавьсан. Монгол Улсыг бүсчилэн хөгжүүлнэ гэж 20 гаруй жил ярьж байгаа. Ямар ч шийдэл гаргаж чадаагүй. Энэ удаагийн сонгууль УИХ-ын тойргийг бүсчилсэн байдлаар хуваасан нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг урагшлуулах хөшүүрэг болж өгсөн. Бүсчилсэн хөгжлийн бодлогын манлайд Ардчилсан нам явж чаддаг. Үе үеийн Монгол оронд хийгдсэн томоохон өөрчлөлтүүдийг Ардчилалынхан манлайлдаг.

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг ч бид манлайлж хийсээр ирсэн. Тухайлбал, 2015 онд Ардчилсан намын үед Монгол Улсыг таван бүс болгож хуваагаад ажлын хэсэг гарч ажиллаж байсан гэдгийг энэ ташрамд дурдах нь зүйтэй байх. Бүсчилсэн хөгжлийн бодлого нь эхлээд бүс, дараа нь бүсчлэл, хөрш орнууд, тив дэлхий гэсэн дарааллаар глобалчлагдаж буй дэлхийд Монгол Улс хэрхэн тоглогч болох юм бэ гэдгийг багтаасан мөрийн хөтөлбөр болсон.