ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Батлут: ЭМДС-гийн мөнгийг нэмэгдүүлсэн ч иргэд үр ашгийг нь хүртэхгүй байна

O.Admin
2024-04-15

Эмийн сонсголын үеэр хянан шалгагч "Шинэ Анагаах ухаан" их сургуулийн Эмзүйн сургуулийн захирал М.Уранчимэг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гаргах ажлын хэсэгт багтаж улмаар өөрийн сургуулийн салимон, барбадин зэрэг бэлдмэлийг жагсаалтад багтаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар танилцуулсан. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн Д.Батлут Хүний эмийн зөвлөлд ямар шалгуураар сонгодог, яагаад өнөөдрийг хүртэл нэгдсэн арга аргачлал байхгүй байгаа талаар асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Д.Батлут:

  • Эзэнгүй салбарт тэр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхэн ямар ч дүрэм журамгүй тоглосон. Гол гогцоо нь хаана байна гэж бодоод үзэхээр эцсийн бүлэгтээ бодлого гаргаж буй байгууллагад очоод зогсчихож байна. Нэг асуулт асууя. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гаргах арга аргачлал одоо хүртэл байхгүй. Хүний эмийн зөвлөлд орох бүрэлдэхүүнийг сонгох шалгуур байхгүй. Ямар хүн орсоныг Эрүүл мэндийн яам нь мэддэггүй. Ийм байхад хувийн хэвшлийнхэн тоглохгүй яах вэ. Гаргалгаа олох гэж оролдоод үзвэл бодлого гаргаж буй дарга нар нь ажлаа мэддэггүй, эсвэл хувийн хэвшлийнхэнтэй ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдахаар байна. Өөр гаргалгаа байхгүй. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гаргах арга аргачлалаа боловсруулж байгаа юу. Өмнө нь яагаад боловсруулаагүй юм бэ. Эмийн зөвлөлийн гишүүдээс ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг авдаггүй байсан гэж ойлгож байгаа. Тийм учраас хувийн хэвшлийн компаниудтай нэгдмэл сонирхолтой янз бүрийн эм оруулдаг тухай асуудлууд яригдлаа шүү дээ. Үндсэндээ Монгол Улсын хөгжлийн гол цэг нь эрүүл хүний асуудал. Ийм чухал салбарт яагаад өнөөдрийн нөхцөл байдал үүсэв. Тухайн салбарын бодлого тодорхойлогчдоос хамаарсан асуудалд ороогдчихоод байна?

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат:

-ЭМЯ, эрүүл мэндийн салбар эзэнгүй зай биш. Мэргэжлийн яам ажилладаг. Мэргэжлийн зөвлөл эсвэл салбар зөвлөлдөө асуудал байна уу гэдгийг салгаж ойлгох хэрэгтэй. Эмийн зөвлөлийн бүрэлдэхүүний бүх материалыг гаргаж өгсөн. Эмийн зөвлөлийг, салбар зөвлөлийн ажиллах удирдамжийг, ажиллах журмыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталж хэрэгжүүлдэг. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2016 онд Хүний эмийн зөвлөл, салбар зөвлөлийн ажиллах журмыг тодорхойлсон. Үүнд гишүүд нь ямар үүрэг, эдлэх талаар тодорхой тусгасан. Бүрэлдэхүүнийг нь тогтоож өгдөг.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Эрдэмбилэг:

-Хүний эмийн зөвлөлийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар хувь хүн бус, албан тушаалаар нь томилдог. Хүний эмийн зөвлөлийг Төрийн нарийн бичгийн дарга удирдана гэсний дагуу ажилладаг. Дэд даргаар нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга нь ажиллана гэх мэтээр зохицуулсан байдаг. Энэ нь орон тооны бус зөвлөл байдаг. Ажиллахдаа ямар нэг ашиг сонирхолгүй гэдгээ мэдүүлэг дээрээ гарын үсэг зурж баталгаажуулж ажилладаг. Хэрэв ямар нэг ашиг сонирхолтой байвал хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ баталгаажуулж байж хуралд оролцдог. Өнгөрсөн 2021, 2022 онд хүний эмийн зөвлөлийн гишүүд ашиг сонирхлын зөрчилгүй ажилласан гэж найдаж байна. Түүнийгээ архивын баримтаар хадгалдаг. Намайг ажиллаж байхад ашиг сонирхлын зөрчил гарч байгаагүй.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

ЭМЯ нь байгаа. Хянан шалгагч нь байхгүй гээд байдаг. Алинд нь итгэх вэ. Хамгийн гол асуудлаа албан бус байдлаар тодорхойлдог. АТГ-аас ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг авдаггүй.  Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс Хүний эмийн зөвлөлд нь орж, өөрсдийн борлуулж буй эмээ оруулдаг, үнийг нь нэмдэг. ЭМДС-гийн мөнгийг нэмэгдүүлээд л байдаг. Үр ашиг нь иргэнд очихгүй байна.