ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Нямбаатар: Алслагдсан гурван дүүргийг нийслэлийн дагуул хот байдлаар хөгжүүлнэ

O.Admin
2024-04-17

Засгийн газар өнөөдөр хуралдаж 30 гаруй асуудлыг хэлэлцэхдээ Улаанбаатар хотын засаг захиргааны нэгжийн шинэчлэлийн талаарх шийдвэр гаргасныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар танилцууллаа. 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Улаанбаатар хот 1960 оны БНМАУ-ын гуравдугаар Үндсэн хууль батлагдсаны дараа засаг захиргаа нутаг дэвсгэрийн шинэчлэлт хийж, нийслэл Улаанбаатар хот дөрвөн дүүрэгтэй болсон. Тэр үед бүртгэлтэй хүн амын тоо 150 мянга орчим байлаа. 30 жилийн дараа 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа буюу 1993 онд Улаанбаатар хотын хүн ам 600 мянгад хүрсэн тул дүүргийн тоог зургаа болгож засаг захиргааны шинэчлэлт хийж байсан. Харин өнөөдөр 2024 онд Улаанбаатар хотын хүн амын тоо 1.7 саяд хүрсэн. Энэ нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шинэчлэх хэд хэдэн хүчин зүйлийг нөхцөлдүүлж байна. Бүх үйлчилгээ, их, дээд сургууль, төрийн байгууллага нэг дор төвлөрсөн байгаа нь түгжрэлийг бий болгож байгаа.Нийслэлийн гурван дүүрэг алслагдсан газарт бий. Та бүхэн санаж байгаа бол 2014 онд эдгээр дүүргүүдэд захирагчийн сонгууль явуулж, дагуул хот болгох эхлэлийг тавьж байсан.  Гэвч харамсалтай засаг захиргааны нэгжийн эрхийг шилжүүлэх Үндсэн хуулийн эрх зүйн байдал бүрдээгүй байсан.

 Учир нь аливаа хотод нутаг дэвсгэр, татвар төвлөрүүлэх эрх, хөгжлийн бодлого төлөвлөлтөө тодорхойлох эрх, өмчөө захиран зарцуулах эрх гэдэг чиг үүргүүдийг хот тосгон гэдэг шинээр байгуулах байгууллагад шилжүүлэхгүйгээр орших боломжгүй гэж үзсэн. Тиймээс 2019 онд Үндсэн хуулийн 57.2 зүйл заалтад зохицуулалтыг тусгасан.

Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Б.Дэлгэрсайхан сайд ажлын хэсгийг ахалж байна. Энэ хүрээнд алслагдсан гурван дүүрэг нийслэлийн дагуул хот байдлаар хөгжинө. Улаанбаатар хот өөрийн нутаг дэвсгэр дээр дагуул хот байгуулахын зэрэгцээ Төв аймгийн нутаг дэвсгэр дээр дагуул хот байгуулах эрх зүйн үндсийг оруулж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.

Төв аймагт хот байгуулсныхаа төлөө нийслэл хот орлогынхоо 20 хувийг Төв аймгийн иргэдэд төвлөрүүлж өгнө.

Хоёр дахь асуудал бол гадаад, дотоод бонд. Нийслэл хотод гэр хорооллын 190 мянга орчим айл өрх байна. Бид гэр хорооллыг цаашид орон сууцжуулъя гэвэл дэд бүтцийг нь шийдэж, газар чөлөөлөх байдлаар төлөвлөж байгаа. Нийслэл Өрийн удирдлагын тухай  хуульд өөрчлөлт оруулж гадаад дотоод бонд гаргах эрхээ авсан. Энэ хүрээнд газар чөлөөлөлтийн ажил Сэлбэ дэд төвөөс эхэлж байна. Өнөөдөр 2350 айлын газар чөлөөлөхөөс 1500 айлтай уулзахад 50 айл л татгалзсан. Үлдсэн айл өрхүүд хэлэлцээрт орж, газраа чөлөөлж байна. Ирэх долоо хоногт 400 айлын мөнгийг шилжүүлж, нүүлгэн шилжүүлнэ. Бид Дархан хотын гэр хорооллыг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх айл өрхийг зургадугаар сарын 1-нээс нүүлгэн шилжүүлж байна. Нийт 12 мянган айлын орон сууцны зураг төслийн ажил дуусч байгаа. Барилга барих компанийн сонгон шалгаруулалтыг хийхдээ гадаад бонд гаргах байдлаар санхүүжилтийг шийдэхээр төлөвлөсөн. Бид одоо бонд гаргах ажлаа шат дараатайгаар хийж байна. Удахгүй Засгийн газарт танилцуулна.

Харин дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 300 тэрбумыг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцад зээл олгож, 150 тэрбумаар нь хотын авто замыг засварлахад зарцуулна. Бондын эргэн төлөлтийн хувьд хүндрэлтэй асуудал байхгүй. Бид жилд 77 тэрбум төгрөгийг Замын сангаас авна. Бид замын засварын 2025, 2026 оны ажлаа татаж, энэ онд хийнэ.

Үлдсэн 50 тэрбум төгрөгөөр Туул-1 коллекторыг санхүүжүүлнэ. 18 жил болсон төсөл. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох цаг болоход тэр байгууламж руу очих шугамаа барьж дуусаагүй байгаа нь цэвэрлэх байгууламжаа бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Үлдсэн 10 орчим тэрбум төгрөгөөр дулааны 11-ийн Г, Д гэдэг шугамыг 10 гаруй жил барьж байгаа. Төгсгөл нь Саппорогоос-Өгөөж үйлдвэрийн уулзвар хүртэлх шугам юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг: Цаашдаа Улаанбаатар хотын хүн амын тэлэлт, төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулахын тулд анхан шатан дээр эрх мэдлийн олгох. Нийслэлд төвлөрч буй эрхийг хороо руу шилжүүлнэ. Үндсэн хуульд 2019 онд орсон өөрчлөлтийн хүрээнд дүүргүүдийг хот болгож зохион байгуулалт хийх. Цаашдаа хот өөрөө зөвлөлтэй болж, захирагчийг нь иргэдээс сонгох хууль эрх зүйн орчныг нийслэлчүүддээ бүрдүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Дор дороо асуудлаа шийддэг хот, нэгжүүд ажиллаж, хотын эдийн засгийг тэлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллах боломж бүрдэнэ. Мөн Төв аймагтай бүсчилсэн хөгжлийн интеграцид орж, үр шим хүртэх байдлаар хийнэ. Татварын болон татварын бус орлогуудыг 80/20 гэсэн зарчмаар Төв аймагтайгаа хувааж Шинэ Зуунмод хот гэх мэт дагуул хотыг хөгжүүлэх асуудлыг ярина. Шинэ дагуул хот 80 мянган ажлын байрыг бий болгоно. Санхүү, интертайнмент, бизнес, чөлөөт худалдааны төв, тээвэр ложистикийн төв хот байхаар төлөвлөж байгаа. Энэ ажлыг эхлүүлэх үүрэг даалгаврыг Засгийн газраас өгч, холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн барина.