Швейцарь хасагдах шатанд шалгарах боломжтой боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-23

Дэлхийн аваргын Е хэсэгт гал гарсан тоглолтууд болж байна. Өнгөрсөн шөнө 02:00 цагаас Серби болон Швейцарийн шигшээ багууд туллаа. Сербийн хувьд эхний тоглолтдоо хожсон учраас энэ тоглолтод өрсөлдөгчөө буулгаж авахад л хэсгээс гарах байлаа. Харин Швейцарийн шигшээ эхний тоглолтдоо тэнцсэн учраас оноо зулгаах зайлшгүй шаардлагатай байсан юм.

Энэ даалгавраа Швейцарийн шигшээ маш сайн биелүүлж, өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авлаа. Ийнхүү Швейцарийн шигшээ баг 4 оноотой болж, Бразилын хамтаар хэсгээ тэргүүлж байна. Харин Серби 3 оноотой гуравдугаар байрт бичигдэж үлдлээ. 

Тоглолтын 5 дахь минутад Митрович гоолдож, тэргүүллийг багтаа авчирсан. Гэвч 52 дахь минутад Жака тэнцүүлж, Шакири 90 дэх минутад гүйцээжээ.  Швейцарийн хувьд хэсгийн сүүлчийн тоглолтоо Коста-Рикатай хийнэ. Энэ тоглолтод оноо зулгаахад хэсгээс гарах боломжтой.  Харин Сербийн шигшээд Бразилыг хожих хүнд даалгавар оногдоод байна.