Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар мөнгөн медаль хүртжээ

O.Admin
2024-02-22

Ираны нийслэл Тегеран хотод “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох World President's Cup олон улсын тэмцээн болж өндөрлөлөө.

Зургаа дахь удаагийн тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлага дор таван тамирчин тулалдав. Тэднээс эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхий болон Азийн таван удаагийн аварга, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгө, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальт У.Сүрэнжав мөнгөн медалиар энгэрээ мялаалаа.

Медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар “Парис-2024” зуны паралимпийн наадмын эрхээ авсан билээ.

Монголын баг тамирчид нийлбэр дүнгээр гуравдугаар байрт шалгарсан бол Н.Эрдэнэбаатарыг энэ тэмцээний шилдэг дасгалжуулагчаар шалгаруулжээ.