Ш.Даваадорж өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомоос 5 медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-13

Монголын өвлийн усанд сэлэлтийн тамирчин, спортын мастер Ш.Даваадорж энэ сарын 3-4-ний өдрүүдэд Латви улсын Рига хотод болсон өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомоос дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж өндөр амжилт үзүүлсэн байна. Тус тэмцээнд 25 орны 300 тамирчин оролцож хурд хүч авхаалж самбайгаа сорьсон аж. Тэрбээр 35 жил усанд сэлэлтийн спортоор хичээллэж сүүлийн гурван жилд Дэлхийн цомын аваргын тэмцээн болон олон улсын тэмцээнүүдээс нийт 13 алт, 18 мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

Олон улсын болон Мастерс, Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнүүдэд Монгол улсыг төлөөлөн оролцож өвлийн усанд сэлэлтийн цор ганц тамирчин юм. Ш.Даваадорж Дэлхийн Өвлийн усанд сэлэлтийн холбооноос гарсан чансаа оноогоор 2016-2017 онд IV байр жагсаж байсан бол энэ жил дэлхийд VII эрэмбэлэгдэж байна. Тэрбээр олон улсын тэмцээнд явах зардал мөнгөө хувиасаа гаргадаг аж.