Өнөөдөр Г.Болдбаатар, Д.Амартүвшин тэргүүтэй 6 бөх барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-16

Недерландын Гааг хотноо өнөөдөр жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн эхэлж байгаа билээ. Энэ удаагийг Гаагийн Гран при тэмцээнд дэлхийн 62 орны эрэгтэй 242, эмэгтэй 170, нийт 412 жүдоч оролцож байна. Харин манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 5 жүдоч оролцож байгаа юм.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, манайхаас 6 бөх зодоглох юм. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нар зодоглож байгаа. Г.Болдбаатар аваргын хувьд D хэсэгт багтаж, эхний тойрогтоо АНУ-ын бөх Дэвидтэй барилдахаар оноолт таарлаа. Тэгвэл Д.Амартүвшин С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Болгарын Янислав Герчевтэй оноолт таарлаа. Манай хоёр бөх сайн барилдвал хагас шигшээд хоорондоо таарах боломжтой.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдана. Д.Төмөрхүлэгийн хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Оросын бөх Оздоев Зелимхантай барилдахаар оноолт таарлаа.  Д.Алтансүхийн тухайд С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Германы бөх Марсел Бизонтай барилдана. 

Эмэгтэйчүүдийн 48, 57-д бөх барилдаагүй. Харин 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар барилдаж байгаа. Б.Хорлоодойн хувьд А хэсэгт багтаж, эхнхий тойрогтоо Хятадын Ван Шинтэй барилдахаар оноолт таарлаа. Г.Ганцэцэгийн тухайд С хэсэгт багтаж, эхний тойрогтоо мөн л Хятадын бөх Лиу Ли Пинтэй учраа таараад байна.

Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 17:00 цагаас эхэлнэ.