Месси Ла лигийн 400 дахь гоолоо орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-13

Испанийн Ла лигийн 19 дүгээр тойргийн хүрээнд “Барселона” клуб “Эйбар”-тай тулж, 3:0-ээр хожсон билээ. Энэ тоглолтод Месси нэг гоол оруулсан. Ингэснээр тэрбээр Ла лигт 400 дэх гоолоо оруулсан түүхэн амжилтыг үзүүллээ.

Месси 400 гоолоо 435 тоглолтод оруулсан агуу амжилтын эзэн боллоо.  Түүнээс өөр хэн ч Ла лигт ийм олон гоол оруулаагүй. Энэ жагсаалтын хоёрдугаар байрт “Ювентус”-т хүчин зүтгэж байгаа Роналдо бичигдэж байгаа. Тэрбээр “Реал”-д тоглож байхдаа Ла лигийн 292 тоглолтод 311 гоол оруулсан юм.

Харин 1940-50-иад оны үед “Атлетик” клубт хүчин зүтгэж байсан Тельмо Сарра Ла лигт 277 тоглолтод 251 гоол оруулсан амжилтаар гуравдугаарт бичигддэг.  Энэ улиралд Месси Ла лигт 17 тоглолт хийхдээ 17 гоол оруулж, 10 гоолын дамжуулалт өгсөн. Сүүлийн 5 тоглолтод тэрбээр 8 гоол оруулаад байна.