А.Мэргэн: Битүү ордонгүй учраас дэлхийд өрсөлдөж, амжилт гаргах боломжоо алддаг

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-13

-Гадаа мөсөн дээр бэлтгэл хийж байгаад түрүүлчихээр 110 сая хүнтэй филиппинчүүд лав ойлгохгүй байгаа юм-

 

Малайзын Куала Лумпур хотноо болсон “Asian challenge cup” хоккейн тэмцээнд Монголын баг хоёр дахь удаагаа түрүүлж, хошой аварга болсон билээ. Азийн цомд багаа хоёр жил дараалан түрүүлүүлсэн Монголын шигшээ дасгалжуулагч А.Мэргэнтэй ярилцлаа.

-Монголын хоккейн баг “Asian challenge cup” тэмцээнд түрүүлж, хошой аварга боллоо. Энэ жилийн тэмцээн өнгөрсөн жилийнхээс хэр өөр байв?
-Аварга авахад хэцүү. Аваргаа хамгаална гэдэг бүр ч хэцүү. Манай залуус Филиппиний багтай хүнд тоглолт хийж, ширүүн өрсөлдсөний эцэст ялалт байгууллаа. Филиппин улс 110 сая хүнтэй. Дээрээс нь хоёр иргэншлийг зөвшөөрдөг орон. Тийм болохоор маш олон гадаад тоглогчидтой. Швейцарь, Канад, Чех тамирчдаар багаа бүрдүүлсэн. Бид Монголдоо гадаа, голын мөсөн дээр л хоккей тоглож, бэлтгэл хийдэг. -30 градуст, маш хүнд нөхцөлд бэлтгэлээ хийдэг. Харин гадныхан битүү ордонд, зориулалтын талбайд бэлтгэлээ хийнэ шүү дээ. Битүү ордонд хоккейчид 40 км/ц-ийн хурдтай гулгаж болж байхад гадаа мөсөн дээр 20 км/ц л хурдлах боломжтой. Дээрээс нь манай тамирчид хувцас хэрэглэл, тэшүүрээр хүртэл дутдаг. Ийм баг тэнд очоод аварга болно гэдэг бараг л боломжгүй. Магадлалыг нь математикаар тооцоолоод үзсэн ч боломж маш бага. Гэтэл бид аваргаа хамгаалж чадлаа. Үүгээрээ л бахархаж байна. 

-Аваргын төлөө Филиппинийг 6:3-аар хожсон шүү дээ. Тооны харьцааг харчихаад амархан хожиж гэж бодсон?
-Эхлээд манайх гурван гоол оруулсан. Гэвч зөрүүлээд гурвыг алдсан юм.  Тооны харьцаа тэнцүү байхад манай залуус дахиж гурван гоол оруулж, 6:3-аар хожсон. Тоглолт 60 минутын хугацаатай. Маш өндөр хурдтай тоглосон, асар их өрсөлдөөнтэй өрнөлөө. Хүнд тоглолтын эцэст бид хожиж чадлаа. 

-Энэ жил манай баг харьцангуй олон гоол оруулж, өрсөлдөгчдөө хожлоо. Өнгөрсөн жилийнхээс тамирчдын ур чадвар сайжирч, туршлага сууж, бэлтгэлээ ч сайн хийсэн байх?
-Бэлтгэл сайжрахдаа гол нь биш. Хоккейн спортоор хичээллэж байгаа хүүхдүүдийн тоо маш ихээр нэмэгдсэн. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд 7-8 залуу тамирчин багтлаа. Маш хурдтай, чадварлаг залуучууд гарч иржээ. Тиймдээ ч машинтай зүйрлэвэл манай баг хөнгөн тэрэг шиг л болсон. Залуу тамирчдад нэг дутагдалтай тал бий. Тэр нь туршлага жаахан дутдаг. Багийн гол ноён нуруу болсон тамирчид 33-37 нас хүрчихлээ. Хоккейн спортод өдий насны тамирчид хөгшдөнө. Үргэлжлүүлж тоглоход хэцүү. Хоккейн спортын дээд нас 30 л байдаг. Харин манай тамирчид бүр 37 нас хүртлээ тоглож байна. Сүүлийн үед хоккейгээр хөвгүүд гэлтгүй эмэгтэй хүүхдүүд ч хичээллэж байгаа. Хоккейн холбоо анхны эмэгтэй шигшээ багийг бүрдүүлсэн. Ирэх дөрөвдүгээр сард анхныхаа олон улсын тэмцээнд оролцож, хурд хүчийг үзэхээр бэлтгэж байна. 

Азийн цомд багаа хоёр жил дараалан түрүүлүүлсэн
Монголын шигшээ багын дасгалжуулагч А.Мэргэн

-Гадаа бэлтгэл хийж байсан тамирчид зориулалтын талбайд тоглодог багийн эсрэг тулахад ялгаа гарч таарна. Тэгээд ч гадаадын тамирчдын хангамж, бэлтгэлээс эхлээд бүх зүйл нь манайхаас давуу байгаа. Тийм багуудын эсрэг өрсөлдөх тактикийг нарийн боловсруулж очсон байх. Өрсөлдөгч бүрээ багадаа гурван гоолын зөрүүтэй хожсоны нууц юунд байв?
-Хоккей хурдны спорт болчихлоо. Битүү зааланд гаргаж байгаа хурд өндөр. Гадаа мөсөн дээр гаргаж байгаа хурдаас хамаагүй илүү гэдгийг өмнө хэлсэн. Битүү заалны мөс, шайбны гулгалтад дасахад хэцүү байдаг. Тэр бүхнийг давж гарсан. Дээрээс нь Филиппин маш олон гадаад тоглогчтой. Канад, Чех зэрэг гадаад дасгалжуулагчтай. Филиппин гэхээр хүмүүс халуун орон учраас хоккейн хөгжил муу гэж бодоод байх шиг байна. Эдийн засгийн хувьд манайхаас хамаагүй хүчирхэг, хүн ам нь 110 сая. Хоккейн хөгжлөөрөө илүү. Тамирчид нь хоёр иргэншлээр тоглодог. Чех дасгалжуулагчийнх нь тактик маш эвгүй. Эхлээд хэсэгт таарахад хожигдсон. Харин Аваргын төлөө тоглоход тактикийг нь эвдэж, хожсон. Энэ бол манай дасгалжуулагч­дын чадвартай холбоотой. Тоглог­чид дасгалжуулагчдынхаа зааврыг маш сайн биелүүлсэн. Торгуульд суухгүй, шатахгүй тоглосон.  Зохион байгуулалттай, сайн тоглосны ачаар өрсөлдөгч бүрээ хожиж, түрүүлсэн. Хаалга руу цохисон рекордоо эвдлээ. Өнгөрсөн жил хамгийн ихдээ 63 удаа хаалга руу цохиж байлаа. Энэ жил 76 удаа хаалга руу цохисон. Орсон гоолтойгоо нийлүүлбэл 80 удаа цохисон гэсэн үг. Энэ бол рекорд. Нөгөө талаар, монгол хүний ухаан арай өөр гэж боддог. Нөхцөл байдлыг хараад, ойлгоод, мэдэрч тоглодог. Өөр өнцгөөс нь харах чадвартай. Дээрээс нь монгол хүний биеийн онцлог гэж байна. Хөлөндөө бяртай байдаг. Багадаа барилдаж байсан, морь унаж өссөн хүүхдүүд хамаагүй бяртай байдаг. Азийн бусад орны 20 настай залуучуудыг манайхтай харьцуулахад өөр. Манай залуучууд хамаагүй илүү сэтгэл зүйтэй, хүчний тоглолт хийчихээр бие бялдартай байдаг.  Энэ бүхний ачаар л аваргаа хамгааллаа.

-Энэ тэмцээнд хоёр жил дараалж, түрүүлэхээр чансаа өгсөж, өндөр зэрэглэлийн багуудтай тоглох боломжтой болно биз дээ?
-Манай чансаа хэдийнэ нэмэгдээд, дэлхийн аваргад ч оролцох боломжтой болчихсон. Болзлоо хангачихсан байгаа. Манайх дэлхийн аваргад оролцож чадахгүй ганц шалтгаан нь битүү ордонгүйтэй холбоотой.  Багадаа 500 хүний суудалтай битүү ордонтой байж дэлхийн аваргад оролцоно гэсэн дүрэмтэй. Хэрвээ манай баг дэлхийн аваргад оролцвол амжилт үзүүлэх боломжтой. Гагцхүү ордны асуудлаас болоод том боломжоо алдаад сууж байна. Гэхдээ хоёр жилийн өмнө бөмбөгтэй хоккейгоор дэлхийн аваргад оролцож, маш том багуудыг хожиж, хүрэл медаль хүртсэн шүү дээ. Чех, Украин, Германыг хожсон. Канадад 5:4-өөр буюу ганцхан гоолын зөрүүтэй хожигдсон. Хятад, Японы багийг бас хожсон. Хоккейн спортын өндөр хөгжсөн 16 том орон оролцсон тэмцээнээс хүрэл медаль авна гэдэг гайхамшиг. Маш олон орны хоккей мэддэг хүмүүс бидний нөхцөл байдлыг тооцоолж үзээд, дэлхийн аваргаас яаж хүрэл медаль авсныг ерөөсөө ойлгохгүй байгаа байхгүй юу. Боломж муутай, хувцас хэрэглэл байхгүй байж яаж чадав аа гэж гайхсан. “Мөсний баатрууд” гэж гадаадын сонин хэвлэлд бичсэн шүү дээ.





-Сая бас Азийн цомд түрүүлэхэд “Задгай талбайн баатрууд” гэж гадаадын хэвлэлүүд бичсэн байсан?
-Гадныхан маш нарийн зохион байгуулалттай, тооцоо, судалгаатай тэмцээнд оролцдог. Манайх тэдэн тамирчидтай, тийм заалтай, ийм боломж байна гээд л. Гэтэл ямар ч заалгүй, бараг л голын мөсөн дээр бэлтгэл хийж байгаад очоод түрүүлчихээр 110 сая хүнтэй филиппинчүүд лав ойлгохгүй байгаа юм. Тэгээд л “Задгай талбайн баатрууд” гэх утгатай нийтлэл, сурвалжилга хэвлэлээр гарсан хэрэг. 

-Байнгын бус шигшээ баг байгуулах асуудлыг ирэх жил гэхэд шийднэ гэсэн. Хоккейчид улсын шигшээд багтахгүй болохоор тэмцээнд явах зардал мөнгөө яаж шийддэг юм бэ?
-Маш олон хүмүүс, компани, аж ахуйн нэгжүүд тусалж, дэмждэг. “Моннис” групп, “Монгол Базальт” компани байна. Дээрээс нь “ГОК”, “Говьс ресорт”-оос эхлээд том, жижиг маш олон компани бий. Түүнээс гадна, шөнө, өдөргүй мөсөн талбайд гарч, хүүхэд, залуучуудыг бэлтгэдэг дасгалжуулагч нар байна. Хоккейн клубүүд бий. Манай тамирчид хоккейн маш олон багаас шигшигдэж гарч ирж байгаа. Тэднийг ивээн тэтгэдэг маш олон компани бий. 

-Энэ тэмцээнд бэлтгэх, оролцох, замын зардал гээд нийтдээ хэчнээн төгрөгийн зардал гарсан бэ?
-30 хүний бүрэлдэхүүнтэй баг явчихаад ирсэн. Зөвхөн онгоцны билет гэхэд нэг хүний 2.8 сая төгрөг гээд бодоод үзэхгүй юу. Маш өндөр зардал гардаг. Нэг мод хугарахад л ойролцоогоор 250 ам.доллар үрэгдэж байна гэсэн үг. Хугарах магадлал өндөртэй учраас цохиурын модоо нөөцтэй авна. 40-50 мод авч явдаг. Цаашлаад хувцас хунар, тэшүүр ирлүүлэх, тамирчдын хоол унд, витамин гээд асар өндөр зардалтай. Энэ бүх зардлыг гаргаж, ивээн тэтгэж, спортын төлөө сэтгэл гаргадаг бүх хүмүүст баярлалаа.   

-Энэ жил Азийн цомд оролцохын өмнө бэлтгэлээ гадаа мөс тавьж хийсэн гэсэн. Битүү ордонд ганц нэг бэлтгэл хийх боломж байв уу?
-Модоор хаалт хийгээд, усаа асгаж хөлдөөгөөд, талбай байгуулж, бэлтгэлээ хийсэн. Энэ технологи аль эрт хоцрогдсон. 1960-аад оны үед л ийм технологи байсан. Одоо хоцрогдсон. Хүүхэд тоглох л зориулалттай болсон. Бид тийм газар бэлтгэлээ хийгээд л очсон. Заалны мөс гэдэг чинь хиймэл. Гөлтийсөн, өө сэвгүй. 10-хан градусын хүйтэнтэй байдаг юм. Битүү зааланд бэлтгэл хийх боломж байгаагүй. Гадагшаа явж, битүү ордонд бэлтгэл хийнэ гэвэл асар өндөр зардал гарна. Тийм хөрөнгө мөнгөний боломж байхгүй шүү дээ.  

-Тэмцээнд хоёр жил дараалж түрүүлсний дараа манай тамирчдыг гадны багууд сонирхож байна уу. Багтаа авъя гэсэн санал ирсэн үү?
-Бөмбөгтэй хоккейн төрөлд манай багийн шилдэг хаалгач н.Мөнгөлдэй байгаа. Олон ч жил тоглосон. Оросын нэг баг хаалгачаар авъя гэдэг санал ирүүлж байгаа. Гэр бүлээ орхиод тийшээ явах хүндрэлтэй байсан юм. Мөн Ж.Баянсайханыг Шведийн багууд авах сонирхолтой байсан. Хүсэлтээ ч ирүүлсэн. Гэхдээ бид гол тоглогчоо гадны багт өгөх хэцүү. Сайн тоглогч нарын хажуугаас сайн тамирчид төрж гарч ирдэг. Тийм болохоор шилдэг, туршлагатай тоглогчидтойгоо залуу үеэ хольж байж сайн тамирчид гарч ирнэ. Түүнээс биш, сайн тамирчид мөөг шиг ургаад гараад ирдэггүй юм. 

-Та түрүүнд манай гол тоглогчид 34, 37 нас хүрчихлээ гэж байсан. Залгаж гарч ирээд, багт нөлөө үзүүлээд тоглочих шинэ залуу тамирчид хэр их байна?
-1000 гаруй хоккейчид байгаа. Залуу тамирчдаа маш сайн бэлтгэж байна. Үүнд баяртай байгаа. Өнгөрсөн жил Азийн цомд түрүүлснээс хойш энэ амжилтыг дагаад Монголд 12 ширхэг хоккейн талбай баригдсан. Баян-Өлгий аймагт нэг, Увсад хоёр талбай барьж байна. “Замбуулин”, “Ривер Гарден” хотхонуудад нэг нэг талбай байгаа. Манай тамирчид энэ спортыг сурталчилж, тэр хэрээр хүүхэд, залуус сонирхож эхэллээ. Хоккейн талбай ч ихээр нэмэгдэж байна. 

-Битүү дээвэртэй ордонтой болох талаар олон жил ярилаа. Харин энэ жил нэлээд нааштай мэдээлэл гарч эхэллээ. Ерөнхийлөгч шинэ ордны талаар ярьсан. Мөн БТСГ-ын дарга битүү дээвэртэй ордон барих газрыг шийдсэн талаар мэдээлэл өгч байна. Ойрын хугацаанд битүү дээвэртэй ордонтой болох боломж байна уу?
-Ерөнхийлөгч биднийг хүлээж авч, уулзсан. “Степпе арена” нэртэй ордны суурийг удахгүй тавих юм байна. Чингэлтэй дүүрэгт усан бассейн, хоккейн талбайтай цогцолборыг барихаар болсон гэнэ. Дээрээс нь “Ногоон нуур” орчимд газар өгөөд, Чехүүдийн өгсөн зураг төслөөр ордон барихаар болж байгаа гэсэн мэдээлэл ч байна. 2-3 битүү талбайтай болох нь. Ордонтой ч болох боломж байна. Ажил хэрэг болох байх аа.