Өнөөдөр Л.Сосорбарам, Г.Наранцэцэг тэргүүтэй 6 бөх барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-14

ОХУ-ын Екатеринбург хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр эхэлж байгаа билээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 47 орны эрэгтэй 206, эмэгтэй 152, нийт 358 жүдоч оролцож байна. Харин манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй 9 жүдоч оролцож байгаа. 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болно.  Эрэгтэйчүүдийн 60 кг-д манайхаас Л.Өнөболд зодоглож байгаа бөгөөд эхний тойрогтоо Мараккогийн бөх Иссам Бэссоутай барилдахаар оноол таарчээ. Тэгвэл 66-д Б.Эрхэмбаяр барилдаж, эхний тойрогтоо Туркийн Сандал Синантай учраа таарлаа.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Гэрэлмаа, Г.Наранцэцэг нар зодоглож байна. Э.Гэрэлмаагийн хувьд А хэсэгт багтаж, эхний тойрогт Испанийн Лаура Мартинезтай оноолт таарлаа. Тэгвэл Г.Наранцэцэг D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Казахстаны Акмарал Наутбектай учраа таарав.

52 кг-д Л.Сосорбарам барилдана. Манай бөх А хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Оросын Наталиа Кузиутинатай барилдахаар оноолт таараад байна. 57 кг-ын жинд Л.Энхрийлэн барилдах юм. Манай бөх В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Тайванийн Лиен Чин Линтэй барилдахаар оноолт таарлаа. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 14:30 цагт эхэлнэ.