Бельги, Орос хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-24

Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө I хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолт боллоо. Энэ хэсгийн хамгийн хүчтэй баг болох Бельгийн шигшээ баг Киприйн талбайд зочилж,  0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 6 оноотой болж, хэсгээ тэргүүлж байна. Тоглолтын 10 дахь минутад Азар гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин Батшуайи 18 дахь минутад нэгийг нэмжээ.

Энэ хэсэгт эхний тоглолтдоо Бельгид хожигдсон Оросын шигшээ хоёр дахь тоглолтоо Казахстаны эсрэг хийж, талбайд нь 0:4-өөр буулгаж авлаа. Тоглолтын 19, 45 дахь минутад Черышев дубль хийсэн бол Зюба 52 дахь минутад нэгийг нэмжээ. Харин дөрөв дэх гоолыг Казахстаны хамгаалагч Бейсебеков 62 дахь минутад өөрийнхөө хаалганд оруулсан байна.

Энэ хэсгийн гурав дахь тоглолт Сан-Марино болон Шотландын шигшээн хооронд болж, зочин баг 0:2-оор буулгаж авлаа. Тоглолтын 4 дэх минутад Маклин гоолдсон бол Расселл 74 дэх минутад нэгийг нэмжээ.