"Арсенал" Луиз, Тирни нарыг авахад ойрхон байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-08

Английн премьер лигийн солилцоо наймааны цонх өнөөдөр хаагдана. Тэгвэл "Арсенал" солилцоо наймааны сүүлчийн өдөр хамгаалагч Давид Луйз болон Киран Тирни нарыг авахад ойрхон байгаа ажээ. "Их буучид" зургадугаар сараас хойш "Селтик" клубээс 22 настай  Тирнийг авахаар хөөцөлдөж байгаа. Гэвч "Селтик" Лондоны багийн өгүүлсэн саналд удаа дараа татгалзсан хариу өгөөд байсан юм. 

Эцсийн дүндээ хоёр тал солилцоо хийх үнийн дүн дээр тохиролцсон аж. "Арсенал" Тирнигийн төлөө 25 сая фунт төлөхөөр болсон бөгөөд энэ нь Шотландын багийн хувьд солилцоо наймааны цонхоор тоглогчоо зарж буй хамгийн өндөр үнэ юм байна.  

Түүнээс гадна, өнөөдөр Давид Луиз "Арсенал"-д ирж магадгүй гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Бразил хамгаалагч багаасаа явахыг хүсч, "Челси"-гийн бэлтгэлд нэгдэхгүй байгаа юм. "Челси" Луизын төлөө 20 сая фунт нэхэж байгаа аж. Энэ жил 32 настай хөлбөмбөгчинг шилжүүлэх ажлыг өнөө өглөөнөөс эхэлж хийж байгаа аж.