Б.Бат-Эрдэнэ, Э.Батмагнай нар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-14

Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр өдрийн өмнө Эстонийн нийслэл Таллинд эхэлсэн билээ. Өчигдөр  эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан боллоо. Манай улсаас 74 кг-ын жинд өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, 92 кг-д өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Энхтүвшингийн Батмагнай нар өнөөдөр  хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үлдсэн. 

Б.Бат-Эрдэнэ хагас шигшээд Японы Жинтаро Мотоямад 6:10-аар, Э.Батмагнай 1/2 шигшээд АНУ-ын Жон Дэвисонд цэвэр ялагдсан юм. Түүнчлэн 86 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Б.Билгүүн, 125 кг-д “Хангай хүчтэн” дэвжээний тамирчин С.Ган-Эрдэнэ нар өнөөдөр  дагаж барилдана. Амжилттай барилдвал цаашлаад медаль хүртэх боломж бий.