Монголын баг дэлхийн ой тогтоолтын спортын дэд аварга боллоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-12

Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны ДАШТ энэ сарын 3-8-нд БНХАУ-ын Үхань хотод болсон билээ. Тус тэмцээнд 33 орны 520 тамирчин таван өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. Үүнээс Монгол Улсын 16 тамирчин таван алт, найман мөнгө, долоон хүрэл нийт 20 медаль хүртэв. Түүнчлэн Г.Энхсаруул, С.Марал, Б.Энхбаясгалан, Б.Эрмүүнболд нар “Олон улсын мастер” цолны болзол хангажээ. Мөн Монгол Улсын түүхэнд бага насандаа цолны болзол хангасан нэг л тамирчин байсан бол энэ удаад Ш.Наранбат, Б.Жамбалбаярням, А.Должин нар цол хүртсэн байна. 

Үүнээс гадна Г.Солонго “Их мастер” цолны болзлыг хангаж олон улсын мастер цолны болзлоо ахиулсан бол У.Солонго, Б.Лхагвадорж, Т.Тэнүүн нар олон улсын их мастерын тоог нэмжээ.

Ийн тус тэмцээний багийн нийлбэр дүн гарч Хойд Солонгос (27252 оноо)-ын баг аваргалж, Монгол Улс (23392 оноо), БНХАУ (22638 оноо) удааллаа.