Таван аварга зодоглох хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

O.Admin
2018-07-11

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ.

Хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдахаас дархан аварга Г.Өсөхбаяр болон О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нарын аваргууд барилдахаар бүртгүүлжээ.

Мөн арслан цолыг нь хураана хэмээн мэдэгдэж байсан Хэнтий аймгийн харьяат улсын арслан Э.Оюунболд, Увс аймгийн харьяат Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын есөн арслан цолтнууд бүртгүүлжээ. Улсын харцага Г.Элбэг, Ө.Даваабаатар, Б.Одгэрэл, Т.Баасанхүү, Н.Батзаяа,  М.Бадарч нарын харцагууд ч яах аргагүй Төв цэнгэлдэхийн чимэг олж, наадмын тааварт зүй ёсоор багтжээ. Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд аварга  тав, арслан ес, гарьд зургаа, заан ес, харцага 17, начин 42, нийт улсын цолтон 88 бөх бүртгүүлсэн байна.

Дашрамд дурдахад энэ жил допингийн асуудалд нэр холбогдсон улсын гарьд Ө.Бат-Орших наадамд зодоглохгүй гэдгээ мэдэгджээ. Хэдийгээр шүүхийн шийдвэр түүний талд гарсан ч наадамчин олноо хүндэтгэж, энэ жилийн наадмыг үзэгчийн суудлаас үзнэ гэдгээ мэдэгдсэн юм.