Хакүхо Даваажаргалын нэрэмжит тэмцээн болно

Т.САНДАГ-ОЧИР
2023-11-09

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” сүмо бөхийн тэмцээнийг 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Уг тэмцээн өсвөр насны хүүхдүүдийг бие бялдрын өв тэгш, хүмүүжил олгох, өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдөл, түүндээ тэмүүлсэн зорилготой болгон төлөвшүүлэх “Эрүүл монгол хүүхэд”-ийн төлөө чиглэгддэгээрээ онцлогтой. “Хакүхо цом” сүмо бөхийн тэмцээн ирэх бямба гарагт Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын зааланд болно. Тус тэмцээнийг “Хакүхо сан” болон “Их Шавь” цогцолбор хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

Тэмцээнд аймаг, нийслэлийн 10 жилийн дунд сургуулиудын 9-15 насны таван насны тамирчид өрсөлдөж, алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулах юм. “Хакүхо цом” өсвөрийн тэмцээн ганцаарчилсан төрөлд хасагдах журмаар явагдана. Нас, насны ангилалд медальт байр эзэлсэн болон амжилттай барилдсан хүүхдүүдийг бэлтгэлд хамрагдуулж 2024 оны хоёрдугаар сард Япон улсын Токио хотод зохиогдох “Hakuho Cup” тэмцээнд оролцох 8 хүүхдийг сонгон шалгаруулах юм.