“PUBG mobile”-ын ДАШТ-д аваргалсан багийн гишүүд “Тэргүүний ажилтан” цол хүртлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-12-14

“PUBG mobile” тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас гурван баг оролцож,  IHC Esports баг тэргүүн байр, "Stalwart esports" баг хоёрдугаар байр, "4Merical vibes" баг дөрөвдүгээр байранд шалгарсан билээ.

Тэгвэл ЦХХХ-ны сайд Н.Учрал “PUBG Mobile” цахим спортын тэмцээнд амжилттай оролцсон багуудыг хүлээн авч уулзан, шагнал гардууллаа. Тодруулбал, ДАШТ-ий аварга багийг Монгол Улсын цахим элчээр томилж, И-Монголиа цомыг гардуулахын зэрэгцээ  IHC Esports багийн удирдлага С.Ундрах,  ДАШТ-ий үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан Б.Золбоот,  багийн гишүүд Б.Батбагана, Б.Билгүүн, Х.Хүсэлбаатар, Э.Билгүүн, дасгалжуулагч Н.Дулаанжаргал нарыг Харилцаа холбоо, мэдээллийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.

Мөн бусад багийн тамирчдыг Цахим хөгжлийн яамны Харилцаа холбооны салбарын хүндэт жуух бичгээр шагнаж, нэг жилийн хугацаанд өндөр хурдны интернэтийг бэлтгэл хийх байруудад нь төрийн мэдлийн сүлжээнээс үнэ төлбөргүй шууд холболт хийх батламжийг гардуулав.