ӨМНӨГОВЬ: Уран гартан бүсгүйчүүд бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа

O.Admin
2024-03-13

Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх зорилгоор “Уран гартан эмэгтэйчүүд-2024” үзэсгэлэнг Даланзадгад сумын Говийн байгаль, түүхийн музейд гуравдугаар сарын 7-12-нд зохион байгуулж, долоон сумын 50 гаруй эмэгтэйчүүдийн 600 бүтээлийг дэлгэжээ.

Үндэсний өв соёл, гар урлалыг түгээн дэлгэрүүлсэн тус үзэсгэлэнг 25 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд оёмол, хатгамал, эсгий болон арьс, ширэн урлалын бүтээлүүд ихэнх хувийг эзэлжээ.

Үзэсгэлэнгийн гол зорилго нь бүтээлийн ур хийц, өнгө зохицол, шинэ санаа, хэрэгцээ зориулалт, нийгмийн ач холбогдлыг нэмэгдүүлэхэд чиглэжээ.

Үзэсгэлэн худалдаагаар гар урлал эрхэлдэг орон нутгийн эмэгтэйчүүдийг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах боломжоор хангаж, нийт 600 гаруй мянган төгрөгийн борлуулалт хийжээ.

Даланзадгад сумын хоёрдугаар багийн урлаачдын монгол үндэсний хатгамалтай дээл, тоорцог, Цогт-Овоо сумын Бор тээг сумын малчин Ц.Бадамжаргалын "Хүннү" аравч, Цогтцэций сумын уран хатгамалч Н.Оюунчимэгийн дөрвөн хүчтэнтэй аяганы уут, Даланзадгад сумын наймдугаар багийн уран хатгамалч Б.Түмэндэлгэр, Номгон сумын Төхөм багийн малчин Т.Энхмаа, Даланзадгад сумын долдугаар багийн иргэн О.Алтанзулын элсэн урлалын бүтээлүүд "Уран гартан" үзэсгэлэнгийн онцлох бүтээлээр шалгарчээ. 

С.Дэлгэрцэцэг

montsame.mn