Монгол соёлын довтолгоон

O.Admin
2024-03-20

Алтан нар алган дээрээсээ мандтал дуулахад

Шүлэгч надад тэнгэрлэг нэгэн хоолой хэрэгтэй

Аялсан дуугаа алаг дэлхийд түгтэл давхихад

Хүлэг чамд тэнхээлэг нэгэн шандас хэрэгтэй…

Б.Явуухулан

...Өнгөрсөн онд “Херо” Баатрын найруулсан “Монгол хаан” (Тамгагүй төр) жүжиг эхлээд Монголдоо 151 удаа тоглож, 75 мянган үзэгчдэд толилуулаад дараа нь Лондонд хамгийн том театрт нь дөчин мянга орчим хүнд хүрээд завсарлав. Одоо жүжгийг Сингапур, Дубай... гэх мэт улс орон ар араасаа урьж цаашдаа тэднийг дэлхий тойрсон аялан тоглолт хүлээж байна. Энэ бол монголчуудын хамтдаа бүтээсэн маш том амжилт билээ. Энэ жүжиг Лондонд тоглогдсоны дараа жүжгийн тухай дөч гаруй нийтлэл, шүүмж Британийн болон бусад барууны сонин сэтгүүлд гарсныг би бүгдийг анхааралтай уншлаа.

 “Theatre Weekly” сайтын үүсгэн байгуулагч, ерөнхий редактор Грег Сюарт “Монгол хаан” жүжгийн тухай бичихдээ “Энэ жүжиг Шекспирийн зохиолын хэв маягтай тун төстэй. Шекспирийг өөрийг нь ч гайхшруулж мэдэх эмгэнэлт үйл явдал бол үүний жишээ. Жүжгийн үг яриа нь голдуу шүлэглэсэн хэлбэртэй, зүйрлэл ихтэй. Жүжигчид нь түүнийгээ илэрхийлэхдээ маш нухацтай хандана. Тиймээс энэ жүжиг Лондонгийн стандарттай харьцуулахад агуулгын хувьд тийм гүн гүнзгий биш ч гэлээ гурван цаг үргэлжилнэ. Лондон Колизум бол Лондонгийн театрын хамгийн том тайзуудын нэг боловч “Монгол хаан” жүжиг энэ театрыг бүрэн дүүргэж чаджээ. Өмнө нь Лондонд ийм зүйл болж байгаагүй гэхэд хилсдэхгүй...” хэмээн бичсэн байх агаад Монгол хэлээр тоглож орчуулгыг хадмалаар өгч байгаа нь хэнд ч саад болсонгүй харин ч монгол хэл жүжгийг илүү сүртэй болгож байлаа гэжээ.

Тэр олон нийтлэлийг нэгэнд  “...Монголын цуутай од, нэрт жүжигчин Г.Эрдэнэбилэгийн гол дүрийг нь бүтээж буй энэ жүжгийн сурталчилгаа нь Монгол улсаа Орос, Хятад хэмээх ихээхэн асуудалтай хоёр хөрш улсынх нь геополитикийн сүүдрээс гаргаж дэлхий дахинд таниулахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм. Тус жүжиг Хятадад аль хэдийнээ дуулиан шуугиан дэгдээж амжсан бөгөөд Хятадын бүрэлдэхүүн дэх Өвөрмонголын Хөх хотын захиргаанаас уг жүжгийг толилуулах албан ёсны зөвшөөрлийг өгсөн атлаа есдүгээр сарын 19-ны өдөр цуврал тоглолтыг нээх эцсийн мөчид цуцалсан байна. Эл жүжиг тус улс дахь уугуул монголчуудад салан тусгаарлах үзлийг дэвэргэж болзошгүй гэсэн айдас энэ явдлын цаад шалтгаан байсан бололтой.

Гэхдээ “Монгол хаан” жүжиг нь зөөлөн хүчийг хэрэгжүүлж, хүн ам нь Уэльсийнхээс ихгүй боловч нутаг дэвсгэр нь баруун Европын дайны асар уудам Монгол нутаг руугаа жуулчдыг татан дуудах нь дамжиггүй...хэмээн Сюзи Мэжюр бичжээ.

Бид хэлээгүй байхад тэд зөөлөн хүчний тухай ийн өгүүлжээ... “Монгол Улсын өөр нэгэн зөөлөн хүч нь дэлхийд алдаршиж буй Хү хамтлаг бөгөөд монгол уламжлалт хөөмэйн дуулал, ардын уламжлалыг хэви метал хөгжимтэй зохируулсан эл хамтлагийг өнгөрсөн жил үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй үйлсийнх нь төлөө ЮНЕСКО-ийн Энх тайвны төлөөх уран бүтээлчээр тодруулан тунхагласан нь энэ алдрыг хүртсэн анхны рок хамтлаг болсон юм. Хү хамтлаг Гластонбюрид тоглосныхоо дараа эдүгээ АНУ-д аялан тоглолтоор яваа...” хэмээжээ.

 Тэр олон шүүмжээс ийм үг зөндөө олдох бөгөөд Жонатан Эванс хэмээх эрхэм ...“Монгол хаан” бол гаргууд тоглолт, гойд өрнөл. У.Шекспир Ж.Вердитэй золгох мэт халгисан тоглолт. Хөшиг хожуухан нээгдэж, "Тасалбар түгээх цэг дээр таамаглаагүй их дараалал үүссэнээс тоглолт оройтож эхэллээ” хэмээн мэдэгдэв. Энэ дараалал улам урт байх болтугай. Тийм байх ч болно, бас уншигч та ч үзье хэмээн тэр дараалалд зогсоно гэдгийг би мэдэрч байна...гэх мэтээр үг хайргүй магтсан бол Жулиа Спарго хэмээх нэгэн эрхэм бээр “Хөшиг нээгдэн жүжиг эхлэх гуравхан мөчийн дотор л “Хөөх” хэмээн чангаар уулга алдсан догдлол минь гурван цагийн туршид үргэлжилсэн билээ. Энэ үнэхээр иж бүрэн гарамгай тоглолт мөн” гэв.

Жэй Си хэмээгч шүүмжлэгч өгүүлэхдээ "Монгол хаан" бол дуу хуур, бүжиг, хүүхэлдэй, жүжиг бүгдийг хамруулсан, зүйлчлэн төрөлжүүлж болшгүй цогц тоглолт.

Монголын гарамгай нэрт жүжгийн зохиолчийн туурвисан энэхүү туульсын бүтээл нь их хаантан атгаг башир шадарынхаа арга мэхэнд автан, нууц хүүг нь нуган үрээ хэмээн эндүүрч хаан ор суулгахаар сонгон, харин өөрийн мах цусны тасархайгаа эс хайхран буй эмгэнэлт түүхийг өгүүлнэ. Энэ мэт өрнөл нь өрнө дахинд Шекспирийн Лир ван, Яго хоёрыг санагдуулах ч, мөнхүү “Эндүүрлийн тухай инээдэмт жүжиг”-ээс ч зурвас үзэгдэх мэт, агуу Софоклийн “Эдип хаан”-ы хэсгээс ч гарах мэт...хэмээн бичсэн байна.

Үнэхээр ч Бавуугийн Лхагвасүрэн “Лир ван” зэрэг Шекспирийн жүжгүүдийг үзэж уншсан хүн төдийгүй Херо Баатартай хамт ажиллаж байхдаа л энэ жүжгийг монгол хавтгай зураг шиг нэг тайзан дээр үй олон үйл явдал зэрэг болж буйгаар тавих юмсан гэж байсныг Баатар ингэж биелүүлсэн ажгуу. Хэн хэн нь зураач байсан хоёр болоод дүрслэл дээр ихэд санаа нийлж байсан санагддаг. Хэн нэгэн хүн “Монгол бол ази сэтгэхүйтэй улс гэхээсээ азид оршдог зүүн европын сэтгэлгээтэй улс” гэж хэлсэн тухай та сонссон байх. Социализмийн үед ч бид баруун европын сонгодогуудыг эх хэлээрээ уншчихсан улс байлаа. Одоо ч интернетийн ачаар дэлхий дахин нэг болж бид баруун европын соёлтой ч их ойр болж ирлээ. Гэхдээ л “урыг нь харахаар удмыг  нь хар” гэдэг үгтэй учир монгол уг чанар, түүх, шастир домог зүйн маш өргөн соёлтой учир “Хү” хамтлаг ч монголоороо дуулсан ч метал рок шинжтэй учир дэлхийд мандаж Монгол хаан жүжигч мөн үндэсний урлаг баруун европын сэтгэхүйтэй хамтарсан тайзан дээр тоглосон нийлмэл урлаг болоод дэлхий дахинд таалагдаад буйг манай бүтээлчид ойлгох ёстой.  

Манайд ч драмын урлаг энэ жүжгээс хойш сэргэж ойр ойрхон дөрвөн ч жүжиг тавигдлаа. Ер нь л аль ч газар урлаг сэргэхдээ хэн нэгний амжилтын шууд болон шууд бус нөлөөгөөр сэргэж хөгждөг. Жараад онд Англид Битлз, Америкт Элвис Прэсли хоёр л рок соёлын довтолгооны эхлэл байсан шүү дээ. Херо Баатрын өмнө их яруу найрагчаар хөтлүүлэн бүтээж байсан “Монгол тулгатны зуун эрхэм” цуврал нэвтрүүлэг  ч гэсэн телевизийн салбарт их өөрчлөлт авч ирсэн бүтээлүүд болсоныг манай үзэгчид мэдэж байгаа. Олон ч нэвтрүүлэг хар цагаан өнгөөр хосолж монтажний урлаг урагшилсан билээ. Түүний хийц маяг,сайтай зураач хүний нүдээр урласаныг  дуурайж олон сайн бүтээлүүд төрж гарсан юм.

Би Баатараас чи яагаад жүжиг тавина гэж бодсон юм бэ? Бас 70 орчим жүжигчин ажилчид нийлээд 100 давсан хүнтэй гадаадад тоглох амаргүй байсан биз. гэсэн хоёр асуут тавихад тэрбээр:

-Лхагваа ахын л хүсэлт л дээ жүжиг тавих бол ...тэгээд кино хийнэ гэвэл маш их зардал хэрэгтэй болно. Ер нь жүжиг чинь нэг л өөр, сүнстэй амьд урлаг учир үндэсний хөгжим, дуу, бүжиг оруулаад явбал болмоор санагдсан юм аа. Наадмын видео нээлт гээд л олон иймэрхүү юм хийсэн болохоор нэг тайзан дээр зангидаж болмоор санагдсан юм.  Аан тэр 100 хүний тухайд бол Хүннүгийн үеэс л хэргэлсэн аравтын системээр л явсан даа. Би тэхээр арван хүнтэй л харьцана гэсэн үг. Аравтын дарга нар их хариуцлагатай байцгаасан. Дандаа залуус хэцүү шүү дээ... гэж байлаа.

Энэ жүжиг яагаад дэлхий дахинд алдаршиж дөчин мянга гаруй үзэгчид үзэж дөч орчим шүүмж, тойм бичигдэв. Бид ямар ч  төрийн дэмжлэггүй бор зүрхээрээ тус тусдаа зүтгэхдээ цаашдаа юуг анхаарах вэ, яаж олуулаа дэлхийд гарч ирэх вэ, юуг хэнээс  сурах ёстой билээ гэж бодох цаг хэдийнээ иржээ.

Ер нь үндэс соёлоо мандуулахыг хүссэн ард түмэн, морин хуур, уртын дуу, монгол гэр... манайх гэж  Юнескод бүргүүлээд л  идэвхигүй хамгаалаад суух биш дэлхий дахин руу соёлын довтолгоон хийдэг ажээ. “Хү” хамтлагийн залуус англи хэлийг төгс сураад тэднийг дуурайж ковер дуулах биш дэлхий дээр арав гаруйхан сая л хүн ярьдаг  монгол хэлээрээ монгол соёлын довтолгооныг дэлхий дахинд хийж буй билээ. Энэ бол өөр ч монгол хамтлаг дахиж гарч ирэх хаалга цэлийтэл нээгдсэн гэсэн үг. Гэхдээ ХҮ-гийн хуулбар бол хол явахгүй гэдгийг ойлгож арай өөр өвөрмөц зүйл бодох ёстой болно.

Монгол хаан жүжгийн тухай олон ч нийтлэлд “Монголын зөөлөн хүчний бодлого” гэж онцлон дурдсан байлаа. Тэгвэл зөөлөн хүчний бодлого гэж юуг хэлдэг вэ. "CNN style" сайтад Лана Ламм энэ жүжгийн тухай өгүүлэхдээ: “...Монгол хийгээд Чингис хааны тухай хэд хэдэн номын зохиолч, "Монгол хаан"-ыг англи хэл рүү орчуулсан Жон Мэн хэлэхдээ Хятадын эрх баригчдын дургүйцлийг хүргэсэн зүйл нь жүжгийн агуулга биш, харин соёлын ач холбогдол гэв...мөн тэр нийтлэлд өгүүлэхдээ "Монголын Засгийн газрын хувьд уг жүжиг нь зөөлөн хүчний бодлогын суртал ухуулга биш, зүгээр л энтертейнмэнт, жүжиг юм." гэсэн байлаа. Тийм дээ. Гадныхан л ингэж бичээд буй болохоос Херо Баатар Б.Лхагвасүрэнгийн жүжгийг л өөр байдлаар дэлхийн зүг хандуулж тавьсан ч гэлээ соёлын довтолгоон, зөөлөн хүчний бодлого болох хэрэгтэйг сануулж дээрх судлаачид хэд хэдэн удаа өгүүлсэн байлаа.

Хорин нэгдүгээр зуунд Өмнөд Солонгосын соёлын довтолгоо олон салбарт эрчимжиж Солонгосын зөөлөн хүчний бодлого гэж дэлхий даяар ярих болтлоо өргөжив. Мэдээж Хойд Солонгос гэж эсрэг тал цөмийн аюул заналаар сүрдүүлэгч тоталитар  дэглэмтэй орон учир Америк маягийн соёлын довтолгоон тэдний тусламж зөвлөлгөөгөөр Солонгост  хөгжиж өнөөдөр оргилруугаа явж байгаа хэрэг шүү дээ. Энэ бүхнийг хариуцан элдэв аргаар дэмждэг төрийн мэдлийн компани идэвхитэй ажиллаж соёл урлагтаа дэмжлэг үзүүлдэг байна. Дуу хөгжмийн салбарт  BTS-ийг "Spotify-ийн хамгийн олон сонсогчтой хамтлаг болж Blackpink мөн зэрэгцэн тэргүүлж байхад Солонгос цуврал Азийн орнуудыг байлдан дагуулж одоо дэлхий дахины урлаг боллоо. Солонгос драм Netflixт ихээхэн амжилт олоод зогссонгүй “Паразит” гэх кино Америкийн академийн гадаад киноны хэсэгт Оскар авч дэлхий дахинд мандан бадрав.

Өмнөд Солонгосын соёлын довтолгоон 1997 оны эдийн засгийн хямралын дараанаас хайр дурлалын сэдэвтэй зуу орчим олон ангит к драмаар эхэлж улмаар Япон, Хятад,Тайланд... зэрэг азийн орнуудад тарж Түркэд нэвтэрснээр дэлхий дахинд түгжээ.

Бид ч өөрсдөө мөн сайн яваагаа дагаж дэмжээд дэлхийн зүг хөдлөх цаг аль эрт болчхоод буй билээ. Үүний тулд бид яах ёстой вэ? Нэгэнт дэлхий дахинд гарах гэж буй учир дэлхийн стандартыг бүтээлдээ оршоохоос бүх зүйл эхлэнэ. Гадна л гаргах гэж байгаа бол тэдний компаниудтай хамтран ажиллаж үзэгчээ татна. Хү хамтлаг л гэхэд продюсер Дашдондог АНУ-ын Элэвэн сэвэн гэх том энтертайнмент компанитай хамтарсны үр дүнд дэлхийн тавцанд гарлаа. Газрын баялагаа ухаж зарахаас өөрөөр ихээхэн мөнгө болон асар том нэр хүнд олж болдогийг ойлгох цаг аль дээр болсон.

 “Хү” хамтлаг ч монгол хэлээрээр дуулж байгаа төдийгүй бүр 1998 онд Бельгийн найруулагчтай хамт найруулж тухайн үедээ дэлхийн кино наадмуудаас 23 шагнал хүртэж байсан  “Нохой орон” киног ч монгол хэлээр Б.Дамчаа гуай тайлбар уншсан нь илүү их хүчийг өгсөн гэж би боддог төдийгүй барууныхан ч тэгж бичсээр ирсэн юм. Тэр кино ингэж хол явсан нь нохой үхээд хүн болж төрдөг гэсэн монголчуудын эртний домогт санааг л кино болгосонд орших бөлгөө. Би Нью Йоркод байхдаа танилцаж киногоо өгсөн Гард Штэйн гэх зохиолчийн миний киноноос сэдэвлэн бичсэн “ Борооноор уралдах урлаг” ном нь 10 сая хувь зарагдаж эцэстээ кино болж гарсан   зэргээс үзвэл монголын эртний ёс заншил, түүх соёл, гэдэг агуу том уурхай бөгөөд тэр уурхайгаас гарсан зүйлсийг зөв найруулбал хол явах нь тод харагдах бөлгөө. Монгол хаан жүжгийн амжилт ч мөн л үүнтэй холбоотой бөгөөд үндэсний бүжиг, дуу, хөгжим, хаадын тэмцэл, зөрчлийг сонгодог аргаар буюу  Шекспирийн хэлээр өгүүлсэн учир хүчийг авчээ гэж ойлгож болно.  Гард Штэйн гэх тэр зохиолчийн “Борооноор уралдах урлаг” ном арван сая зарагдаад дараа нь кино болж гарсан гэхээр зөвхөн нэг номноос зохиолч 5 доллар хүртэнэ гэвэл 50 сая 9 доллар хүртэнэ гэвэл 90 сая доллар олсон гэсэн үг шүү дээ.

“Паразит” кино л гэхэд Өмнөд Солонгосоос  71.4 сая долларыг АНУ аас 71.00 сая доллар, Канададаас 50.4 сая долларын орлого олсоор байгаа бөгөөд хэдэн жилийн өмнөх дүнгээр 258.9 сая 700 мянган долларын орлого олжээ.

Өмнөд Солонгосын зөөлөн хүчний бодлого маш цэгцтэй их өргөн хүрээг хамран амжилттай явж байгааг бид төрийн хэмжээнд судалж, өөрсдөөс нь зөвлөгөө авч, санаа авч  хуулах зүйлийг хуулж Монгол соёлын довтолгооныг эхлүүлэх ёстой .  Удахгүй сонгууль болж шинэ засгийн газар байгуулагдахад Монгол соёлын довтолгооны бодлого боловсруулж хэрэгжүүлэх ёстой юм.

Энэ нийтлэлийг бичиж байх явцад Баатар Сингапурыг зорьсон бөгөөд тэнд “Монгол хаан” жүжгийг 10-11 дүгээр сард дөрвөн долоо хоногийн турш тоглуулах гэрээг Сингапурын Base entertainment-тай байгуулжээ.

Монгол хаан жүжиг удахгүй Сингапур улсад тоглож, Азийн улс орнууд руу Монгол соёлын довтолгоон эхлэх гэж байна.

"Broadway-н түвшний чанартай Азийн шилдэг бүтээлийг Сингапурт авчрахыг бид удаан хугацаанд мөрөөдсөн. Өнгөрсөн 11-р сард Лондонгийн Колизеумд энэхүү гайхалтай жүжгийг үзсэнийхээ дараа энэ бол бидний хайж байсан зүйл мөн гэдгийг шууд ойлгосон" гэж Base Entertainment-ын гүйцэтгэх захирал Chantal Prud’homme хэлэв.   

Энэ жил Marina Bay Sands-ын Sands театр нь Matilda, Hamilton, Miss Saigon, Монгол Хаан гэсэн дэлхийн театрын 4 томоохон уран бүтээл тоглогдох аж. Монголын театрын урлагийг, үүнийг бүтээгч олон зуун авъяаслаг уран бүтээлчидтэй нь хамт олон улсад экспортолж буй энэхүү түүхэн явдал нь дэлхийд Монгол улсын соёлын томоохон сурталчилгаа болохоос гадна Монголын театрын урлагийн шинэ эринийг тунхаглаж, дэлхийн тавцанд гарч ирж буйгаа зарлаж буй явдал болж байна.

"Монгол хаан" жүжгийн Сингапур дахь аялан тоглолтын тасалбар энэ оны 4 сарын 25-наас эхлэн худалдаанд гарч, Сингапур төдийгүй Азийн үзэгчдэд Хүннү гүрэн хэрхэн сүр жавхлантайгаар тайзнаа амилсныг гэрчлэх боломжийг олгох болж байна. Сингапур бол дэлхийн их хөлийн газар, тэр тусмаа Marina Bay Sands бол дэлхийн аялал жуулчлалын брэнд төвүүдийн нэг, жилдээ л гэхэд 45 сая орчим хүн зочилдог аж.

Агуу Б.Явуухулан агсан 1977 онд ингэж захиж байсан нь одоо л жинхэнээсээ агуу Б.Лхагвасүрэнгийн яруу тансаг зохиолоор “Херо” Баатар олон арван жүжигчдийнхээ хамтаар биелүүлэх ёстой байжээ. Бүх зүйл цаг хугацаатай гэдэг. Монгол соёлын довтолгооны цаг нь болжээ...

Шүлэг минь-хүлэг минь хурдлан давхи!

Хүлгийн шандас харуулахад холын зай хэрэгтэй

Хүн ардынхаа захиасыг санан санан давхи,

Хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй!

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Д.Төрмөнх