Хөршийн холбоогоо сэргээе

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-14

Бид суурин соёл иргэншилд шилжээд 100 жил ч болоогүй. Хээр талд ханаа дугуйлж, бууриа сэлгэн амьдардаг байсан монголчууд эдүгээ олон давхар нийтийн орон сууц, хаус, хотхонд  амьдрах болжээ. Гэвч, харилцаа холбоо бага багаар алсран холдож буй мэт санагдана. Ямар нэг шалтгаанаар хэн нэгний тусламж хэрэгтэй боллоо гэхэд амьдарч буй орон сууцныхаа орцны бүх айлын хаалгыг тогшвол үүдээ нээх хүн хэд байгаа бол. 

Магадгүй дийлэнх нь хулгайч, хууран мэхлэгч, залилагч, гэмт хэрэгтэн мэтээр  хандах болов уу. Гэхдээ тэднийг буруутгах аргагүй. Нийгмийн хөгжил биднийг ийн өөрчилсөн хэрэг. Бид нэг нэгнээсээ улам холдсоор л байна. Сагсуу нэгэн нь бор дарсанд хөлчүүрхэж, ааг омгоо гэр бүлийнхэндээ гаргахад ч, асуудлыг зохицуулах сэтгэлтэй хүн ховор болсон байх юм. Гэтэл 20 гаруй жилийн өмнө бүх зүйл өөр байв. Халуун хошуут малын дотор гэдэс хэн нэгэн айл нь чанахад тухайн орцныхон шинэ хонины шөл уудаг байж. Хөршид нь яаралтай асуудал тохиолдоход ойр орчмоороо нийлж тусалдаг байлаа. Аль орцны хэдийн хэдэн тоотод хэн амьдардгийг бүгд мэддэг байжээ. Тэр үед бид ядруухан байсан ч, танилаараа баян байсан юм. Харин одоо хөршийн харилцаа, холбоогоо  сэргээх цаг болжээ. 

Өнгөрсөн жил  Хөвсгөл аймгийн иргэд хөршийн холбоо байгуулж, үүгээрээ дамжуулан гэмт хэргийн гаралтыг бууруулж байсан сайн туршлага ч байна.  Гадны том хотуудад  хөршийн холбоо бол наад захын соёл юм. Орон сууцанд нь шинээр айл нүүж ирэхэд, бүгд танилцана. Баяр, ёслолоор хамтдаа зоог барина.  Бид ч яагаад ийм байж болохгүй гэж. Хөршийн холбоогоо сэргээцгээе.