Шинэ Зеландын Ерөнхий сайд амаржиж, охинтой болжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-21

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн Окландын эмнэлэгт өчигдөр амаржиж, охинтой болжээ. Ингэснээр эдүгээ 37 настай тэрбээр төрийн өндөр албан тушаал хашч байхдаа хүүхэд төрүүлсэн хоёр дахь хүн болж байгаа юм. Өмнө нь 1990 онд Пакистаны Ерөнхий сайд Беназир Бутто мөн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хүүхэд төрүүлж байжээ.  Ерөнхий сайд Ардерн “Шинэ хүнээ угтан авсан баярт мөчийг маань олон хүн хуваалцаж, баяр хүргэж байгаад үнэхээр баяртай байна. Та нартаа баярлалаа” хэмээн мэдэгдэл хийсэн байна.  Шинээр мэндэлсэн охин 3.3 кг төржээ. Эх, хүүхдийн эрүүл мэндийн байдал ч сайн байгаа гэнэ.  Хүүхэд төрүүлснээр, Ерөнхий сайд Жасинда Ардерн зургаан долоо хоногийн амралт авсан бөгөөд түүнийг хүүхдээ асарч байх хооронд шадар сайд Винстон Петерс Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэх юм байна.