Монголын шилдэг бүтээлүүд Мариинский театрт тоглогдлоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-15

Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Морин хуурын чуулга Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-д уригдан 2021 оны 11 сарын 11-нд Эрмитаж музейн Капелла концертын танхимд, 13-нд алдарт Мариинский Театрын концертийн танхимуудад тус тус маш амжилттай тоглолоо.

Уг аялан тоглолтын гол зохион байгуулагч Улаанбаатар хот дахь Рерихийн мүзей болон Санкт-Петербург хот дахь Рерих гэр музей, ерөнхий ивээн тэтгэгч Санкт-Петербург хотын Соёлын хороонд чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Тоглолт бүтэн хөтөлбөртэй бүрэн хэмжээний Концерт байсан бөгөөд Монголын ахмад, дунд, залуу үеийн шилдэг хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүд эгшиглэсэн юм. Эхний өдрийн тоглолтын эхэнд ОХУ болон Монгол улсын Төрийн дуулал хүндэтгэлтэйгээр эгшиглэсэн нь сэтгэл сэргээж зүрх догдлуулж байв.

Үзэгч, сонсогчид Морин хуурын чуулгын хөг дуугаралт, хөтөлбөрийн сонголт, хөгжимчид болон гоцлоочид, гурвал, дөрвөл хөгжимчид, дуучид, бүжигчдийн тоглолт нийт уран бүтээлчдийн чадварыг өндрөөр үнэлж байлаа. Морин хуурын чуулгынхан байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо болон дэлхийн олон улс орнуудын томоохон театруудын алдартай тайзнаа гайхалтай тоглолтууд амжилттай хийсээр ирсэн бөгөөд Санкт-Петрбург, Эрмитаж музейн Капелла концертын танхимд 2 дахь удаа Марийнски театрын концертын танхимд анх удаа гялалзсан амжилттай тоглолоо. Нийт үзэгчид ялангуяа Буриад болон Монгол залуучууд хөтөлбөрийн зарим хэсэгт уухайлан дэмжиж мөн үе үе бодлогошрон санааширч нүдэндээ нулимс мэлтэлзүүлж байв.

 

Монголын үндэсний сонгодог чуулга ямар хэмжээнд хөгжиж төлөвшиж, чадваржин чанаржиж буйг нүдээр үзэж чихээр сонссон өндөр соёл, өргөн мэдлэгтэй өнөө цагийн Оросын төдийгүй дэлхийн соёл урлагийн төв нь болсон Санкт-Петербургчууд мөн албаны зочид манай уран бүтээлчдийг шагшин магтаж байлаа. Бид бүгд эх орон их урлаг өв соёлоо амжилттай сурталчилж төр түмнээ нүүр бардам төлөөлж сэтгэл тэнэгэр буцах гэж байна. Аялан тоглолтын баг бүрэлдэхүүн нэг хоногийн дараа эх орныхоо зүг хүлгийн жолоо зална.