МУСТА цолноос “ичиж” татгалзаж байсан олны танил хүмүүс

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-02-19

Хэдхэн хоногийн өмнө залуу авьяастан, дуучин Б.Бат-Энэрэл уран бүтээлийн анхны бие даасан тоглолтоо хийж, түүнийг Соёлын яамнаас Соёлын тэргүүний ажилтан /СТА/ цол тэмдгээр шагнасан юм.

Гэвч, нийгмийн сүлжээнд иргэд цол тэмдгийг үнэгүйдүүллээ хэмээн яамны шийдвэрийг шүүмжилсэн бөгөөд Б.Бат-Энэрэл ч уг цол тэмдгээс татгалзаж буйгаа илэрхийлсэн. Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр татгалзсан тохиолдол энэ удаагийнх анхных биш юм. Тиймээс СТА цолноос “ичиж” буйгаа илэрхийлэн, буцаахаа мэдэгдэж байсан олны танил хүмүүсийг танилцуулж байна.

Жүжигчин Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ

Бие нь жижиг ч бэлчээр томтой жүжигчин Мөөжиг – tac.mn

Жүжигчин Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ “Тусгай ажиллагаа” инээдмийн уран сайхны киноныхоо нээлтийн үеэр МУСТА цол тэмдгээр шагнуулж байв. Гэсэн ч, уг шагналаас тэрбээр “ичиж” буйгаа илэрхийлж, тухайн үеийн Соёлын сайд Ц.Оюунгэрэлийг өөрийг нь шагнахаа мэдэгдсэн. Энэ талаараа Ө.Мөнх-Эрдэнэ: "МУСТА цол тэмдгээ буцаан олголоо. Учир нь энэхүү цол тэмдэг нэгэн цаг үед уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг шагнал байлаа. Гэвч өнөөдөр хэн нь танигдахгүй юу хийсэн нь мэдэгдэхгүй хүүхдүүд урлагийн сургууль төгсөхдөө ромбоныхоо хажууд зэрэгцүүлэн зүүж төгсөх нь холгүй болжээ. Надаас их хөдөлмөрлөж ихийг бүтээсэн атлаа одоог хүртэл МУСТА цол тэмдэгтэйгээ байгаа уран бүтээлчдээ би үгүйсгэсэнгүй... Хийсэн уран бүтээлийнхээ учрыг ч олоогүй байж цээжээ балаж яваа хүүхдүүдийн өмнөөс ичэв. Ийм нэр хүндгүй болсон шагналыг зүүж явах хүсэл алга. Нэг бол үнэхээр хийсэн бүтээсэнд нь өг үгүй бол хэзээч битгий өг..."гэсэн юм. 

Загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатар

Баримлан биетэй загвар өмсөгч О.Амгаланбаатар

Загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатар ч мөн “Хиртээгүй сарнай” киноныхоо нээлтийн үеэр МУСТА цол тэмдгээр шагнагдаж байв. Тухайн үед эл шагналыг хүртэхдээ "Шагнуулаад сандарч гайхах, санаа зовохдоо өөрөөсөө ичиж үхэхээ шахлаа” хэмээн цахим хуудаснаа сэтгэл хөдлөлөө нийтэлж байв. Гэтэл тэрхүү сэтгэл хөдлөлийн постноос үүдэж Соёлын яамнаас түүн рүү залгаж "Дэд сайд өөрийн чинь постыг харсан байна. Ичиж байгаа бол эргүүлээд авчихаж болно” хэмээн залгаж зандарсан байдаг.  Ингэснээр тэрбээр  СТА цол тэмдгээ аваачиж өгөх шийдвэр гаргаснаа цахим хуудаснаа нийтэлсэн юм.

Дуучин Б.Бат-Энэрэл

MUAJ Batsukh Bat-Enerel - Bolomj | МУАЖ Батсүх Бат-Энэрэл - Боломж - YouTube

Монгол Улсын Ардын Жүжигчин С.Батсүхтэй хамтран уран бүтээл туурвиж олон танигдсан 13 настай авьяастан Б.Бат-Энэрэл хэдхэн хоногийн өмнө бие даасан анхны тоглолтоо хийсэн. Энэ тоглолтын үеэр Соёлын яамнаас түүнийг МУСТА цол, тэмдгээр шагнасан юм. Гэвч, тэрбээр уг шагналаас “Надад хүнддэнэ” хэмээн татгалзаж буйгаа илэрхийлсэн. 

Б.Бат-Энэрэл “миний бие гурван удаагийн тайлан тоглолт хоёр цомог 100-аад хандив тусламжийн тоглолтод оролцсон. Анхны бие даасан тоглолтынхоо орлогоо хавдартай хүүхдэд 100 хувь хандивласан болон нийслэл, дүүргээс зохион байгуулж байдаг бүхий л тоглолтод цаг зав, сэтгэл зүрхээ зориулж чадахаараа оролцож ирсэн. Багштайгаа хамтарсан олон тоглолт хийж, олон аймаг, сум, Солонгос, Америк улсуудаар тоглолт хийсэн. Улсаа төлөөлж Хятад, Орос улсад зохион байгуулагдсан фестивалд уригдан оролцсон зэргийг  минь үнэлэн МУСТА цол тэмдгээр шагнаж байгаа бол Соёлын яамандаа талархлаа. Хүүхэд учраас энэ олон хүний хэл ам дагуулсан цол тэмдэг надад хүнддэх  байх аа. Өөр хэрэгтэй хүнд нь өгнө үү” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.