В.Нэргүй: Б.Бат-Энэрэлд МУСТА цол олгох санааг би гаргасан, үүрэх гэм байвал би үүрнэ

O.Admin
2024-02-20

Өнгөрсөн бямба гарагт "Талархал" уран бүтээлийн тоглолтоо хийсэн дуучин Б.Бат-Энэрэлд тоглолтынх нь үеэр МУСТА цол тэмдэг олгосон нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. Тухайлбал, Соёлын яам бага насны хүүхдэд өндөр хэмжээний шагнал олголоо хэмээн шүүмжилж байсан юм. Гэтэл Соёлын яамнаас “Б.Бат-Энэрэлд МУСТА цол олгоогүй” гэх тайлбарыг хийснээр зохион байгуулагчид нь өөрсдөдөө байсан цол, тэмдгийг олгосон нь ил болоод байна.

Тодруулбал, дуучныг МУСТА болгохыг хүссэн тодорхойлолтыг Соёлын яаманд хүргүүлсэн ч, тоглолтоос өмнө амжаагүй тул тухайн үед өөрсдөдөө байсан тэмдгийг яруу найрагч В.Нэргүй гардуулж өгсөн байгаа юм.

Энэ талаараа яруу найрагч В.Нэргүй өөрийн цахим хуудастаа дараах тайлбарыг хийсэн байна. Тэрбээр “МУСТА цолыг Бат-Энэрэл хүртэхэд яагаад буруу гэж. Хүүхэд болохоороо юу. Насанд хүрээгүй болохоороо юу. Ингэж үзэж байгаа бол инээдэм шүү. Бат-Энэрэлийн энд байтугай бараа тоосонд нь ч хүрэхгүй огт сураггүй, нэг ч бүтээлээ арчлаад тордоод олны хүртээл болгож чадаагүй хүмүүст СТА байж л байна шүү дээ. Тэгвэл тэд яагаад авсан юм. Насанд хүрсэн болохоороо юу. Ёстой инээд хүрчихлээ. Бид нэг ийм л өрөөсгөл бодолтой болчихож. Тэр хар масс цацаад байгаа хүмүүс Энэрэлтэй зүгээр л дуулаад үз. Бүтээлээрээ өрсөлдөөд үз. Авъяас, хөдөлмөр гэдэг нас зааж ирдэггүй юм шүү.

Үүнтэй агаар нэг шагнал урамшуулал ч нас заадаггүй байх. Хөдөлмөрийн төлөө зүтгэсэн хором бүхэнд "ажилтан" гэдэг үг шингэсэн байх ёстой. Тэгвэл соёл урлагийн салбарт өөрийнхөөрөө 10 жил зүтгэсэн энэ бяцхан хүү яагаад СТА болж болохгүй гэж. Тэр СТА олгох санаа санаачлагыг нь би гаргасан юм. Би хөөцөлдсөн юм. Яаманд би материалыг нь хүргэж өгсөн юм. Яамны зарим хүнээс би гуйсан юм. Гэхдээ яам ар өврийн хаалга бодоогүй. Миний гуйлтыг зөвшөөрөөгүй. Хуулийнхаа хүрээнд шат шатлалаар нь шийдэж шийдвэрээ гаргах болсон. Энэ бүхэнд тэгээд хэн буруутай болох уу. Би болно. Би тайзан дээр зарласан. Гэхдээ би энэ хүүхдийн хүч, хөдөлмөр, сэтгэл зүрхийг хүндэтгээд тэгсэн юм. Үүрэх гэм байвал би үүрнэ. Битгий л Соёлын яам, Бат-Энэрэл болон түүний ээж гуравыг хэмлээд бай” гэжээ.