Г.Ариунбаатар АСЕМ-ын уулзалтад бүрэн хэмжээний тоглолт хийхээр болжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-17

Бельги улсын нийслэл Брюссель хотноо энэ сарын 18-19-ны өдрүүдэд болох Ази, Европын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордсон билээ. Тэгвэл энэхүү дээд хэмжээний уулзалт Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар өөрийн бие даасан бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар болсон сайхан мэдээг уншигч тантай хуваалцая.

Тус уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс дуучинд энэхүү саналыг тавьсан бөгөөд гавьяат маань тоглолтын бэлтгэлээ эх орондоо өөрийн багштай хамт хангажээ. Тэрбээр, өнөөдөр тус улсыг зорьсон байна. Г.Ариунбаатар өөрийн нүүр номондоо “Бельги улсын нийслэл Брюссель хотод зохиогдож буй Ази, Европын дээд хэмжээний уулзалт "АСЕМ"-ын хүрээнд миний бүтэн концертыг тоглуулах саналыг Бельгийн талаас гаргаж багш бид хоёр Монголдоо бэлтгэлээ хангаад өнөөдөр аялалдаа гарах гээд байж байна аа.

Миний хувьд эх орныхоо урлаг соёл , Монгол хүний авьяас чадварыг олон улсад таниулан суртачилах бас нэгэн чухал арга хэмжээ болж байгаа учраас хариуцлага, догдлол аль аль нь мэдрэгдэж байна. Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Эх орныхоо нэрийг Өндөрт өргөөд гоё концерт тоглоод ирнэ ээ” хэмээжээ. Монгол дуучны тоглолтыг Ази, Европын бүх л төр засгийн удирдлагууд үзэх нь ээ. Энэ хэрээр ч Монгол Улсын нэр хүнд өсч, асар том сурталчилгаа болох нь дамжиггүй юм.