Морин хуурын чуулга шинэ бүтээлийн тоглолтоо хийнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-22

Монголын ард түмний цэцэн билэг, саруул ухааны бэлгэдэл болон үүсч хөгжсөн хоёрхон утастай морин хуур хөгжмөөр хорвоогийн бүх л ая эгшиг, айзам хэмнэлийг уянгалуулсаар ирсэн уран бүтээлчид бол Морин хуурын чуулгынхан билээ.

Жил бүрийн анхны тоглолтоо шинэ содон бүтээлээр нээдэг Морин хуурын чуулга энэ жил Орчин цагийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс бүрдсэн концертоо энэ сарын 25-нд улсын Филармонийн тайзнаа хийх гэж байна.

Концертод хөгжмийн зохиолч Төрийн Соёрхолт Ц.Нацагдорж, Ш.Өлзийбаяр /СТА/, Цэн.Эрдэнэбат /СТА/ нарын өнөө цагт бүтээлүүд нь олны сэтгэлд хүрч буй хөгжмийн зохиолчдын бүтээлүүд тоглогдох юм. Уламжлалт сэтгэлгээ, оюун соёл, шүтлэг бишрэл бэлгэдэхүйн эрхэм дээд бүхнийг цогцлоосон хөгжмийн бүтээлийг сонордохыг хүсвэл улсын Филармонийн концертын танхимыг зориорой.