Сүхбаатарын талбайд өдөр бүр урлагийн тоглолт болно

O.Admin
2023-12-25

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүн энэ сарын 31-нд Сүхбаатарын талбайд болно. Үүнээс өмнө өдөр бүр Сүхбаатарын талбайд сонирхолтой урлагийн тоглолт нийслэлчүүдийг хүлээж байна.

Тодруулбал, өчигдөр сонгодог үдшийг мэдрүүлсэн бол өнөөдөр этник хөгжмийн гайхамшгийг Төв талбай дээрээс сонсох боломжтой аж. Этник үдшийн гол дүр нь “Улаанбаатар” театрын дуучин Д.Шижирмаа, хөгжимчин Г.Бат-Өлзий, Б.Батжаргал нар байх юм. Харин маргааш жазз хөгжмийн гайхамшгаар Монгол Улсын Консерваторийн саксофончин Ц.Нямгэрэл аялуулах нь ээ. Тэгвэл 27-нд И.Мөнх-Эрдэнэ рок поп, 28-нд Н.Мөнх-Эрдэнэ хаан хөгжим төгөлдөр хуурын тансаг аялгууг сонордуулна. Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр буюу энэ сарын 29-нд УДБЭТ-ын дуучин А.Анар-Эрдэнэ жазз дуунуудыг эгшиглүүлэх юм. Эцэст нь 30-нд дуучин М.Оюунсүрэн сэтгэлд хоногшсон хуучны дуунуудаар нийслэлчүүдийн сонорыг мялаана.

Үзэгчдийг чих мялааж, нүд баясгах тоглолтууд өдөр бүр 18:00 цагаас Сүхбаатарын талбайд зассан асарт болох юм. Нийслэлчүүд орой бүр хөгжмийн ертөнцөөр аялж ажлын стрессээ тайлах боломжийг бүрдүүлсэн байна.