ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Түүхэндээ хамгийн их хөрөнгө оруулалт хийлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-16

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүүн аймаг дахь  томилолтоо энэ сарын 14-ний өдрөөс Говьсүмбэр аймгаас эхлүүллээ.  Ерөнхий сайдын  хамт  ХНХ-ын сайд С.Чинзориг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,  Г.Мөнхцэцэг нар тус аймагт ажиллаж, иргэдтэй уулзав. Уулзалтад Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, ИТХ-ын дарга Г.Батзам нар оролцож иргэдэд мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулав. Иргэдийн хувьд улс орны эдийн засгийн нөхцөл байдал ямар хэмжээнд байгаа, ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх  тухай хууль,  төрийн албан хаагчдын цалин хангамж, Чойрыг богд уулын тусгай хамгаалалттай газрын  талаар асууж байлаа. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боржигин театрт цугларсан иргэдэд хандаж хэлсэн үгэндээ, “Улс орны эдийн засаг, нийгмийн  амьдралд нааштай сайхан өөрчлөлтүүд гарч байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. 2019 онд Монгол Улс түүхэндээ хамгийн их хөрөнгө оруулалтыг хийсэн. Нэг ёсондоо 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж сургууль, цэцэрлэг, төмөр замыг барьж байна. Мөн анх удаа уул уурхайн орлогоос үр хүүхэддээ өвлүүлэх 538 тэрбум төгрөгийг  хуримтлуулж “Ирээдүйн өв” сандаа хадгалж чадлаа. 2030 он хүртэл энэ мөнгийг хуримтлуулна” хэмээгээд улсын  хэмжээнд баригдах бүтээн байгуулалт,  тэдгээрийн  санхүүжилттэй холбоотой мэдээллийг иргэдэд өгөв.  

Энэ үеэр Чойрын богд уулын  өргөтгөлийн асуудлаар албан ёсны судалгааны багийн дүгнэлт гарсан талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат дуулгасан юм.  Улмаар аймаг орон нутгийн ИТХ хуралдаад агнуурын бүс нутагтай давхцалтай хэсгээ хэрхэн шийдэх эсэхээ шийдчихвэл Засгийн газрын  хуралдаанд өргөн барихад  бэлэн болсон аж. 

Иргэдийн асуултын дагуу ХНХ-ын сайд С.Чинзориг хэлэхдээ, “Улаанбаатар хот руу зорчих ахмадууд хот хоорондын тээврээр үнэгүй зорчих Засгийн газрын тогтоол гарсан. Тогтоол  хэрэгжих ч,  зарим зүйлийг ахмадууд буруугаар ойлгоод байх шиг байна. Ахмад гэсэн орон нутгийн үнэмлэхтэй бол автобусаар үнэгүй зорчино гэж ойлгоод  байна. Улаанбаатар хотын засаг захиргаа ахмадуудын үнэгүй зорчсон автобусны мөнгийг шийдэж байгаа.

Тухайлбал, Болд гуай  нийслэлийн аль дүүрэгт очиж байгаагаас хамаараад тухайн дүүргийн тамгын газарт бүртгүүлнэ. Улмаар тэндээсээ үнэ төлбөргүй зорчих үнэмлэхээ авах ёстой.  Засгийн газраас төсвийн цалингийн асуудлыг ярьсан. У.Хүрэлсүх сайдын Засгийн газар байгуулагдахад  төрийн албан хаагчдын цалинг 2014 оноос хойш гурван жилийн хугацаанд нэг ч төгрөг  нэмээгүй байсан.

Харин  энэ Засгийн газар төсөв санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд аль болох нэмэхийг зорьсон. Энэ сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын цалинг  найман хувиар, төрийн захиргааны албан хаагчдад ажлын зайлшгүй шаардлагаар илүү цаг ажилласан бол тухайн хөлсийг нь олгодог шинэ журам хэрэгжүүлж эхэллээ. Төрийн үйлчилгээнд  ажиллаж буй 108 мянга гаруй албан хаагчид улсад ажилласан жилээс нь хамаараад  нэмэгдэл олгож эхэлнэ. Тэтгэврийн зээлийн төлбөрийн  үлдэгдлийг нэг удаа тэглэх  Засгийн газрын  өргөн барьсан хуулийг УИХ-ын чуулганаар баталсан.  Хоёр  хятад иргэн манай хууль хяналтын байгууллагуудыг оролцуулж  хууль бусаар Салхитын мөнгөний ордыг авах гэж байсныг  Засгийн  газар лицензийг нь хүчингүй болгосон.

Энэ ордынхоо үр өгөөжийг тэтгэврийн зээл авсан,  амьдрал нь хүнд нөхцөлд байгаа ахмадуудад байгалийн баялгийн хишиг болгож өгөх бодлого хэрэгжүүлсэн юм. Тэтгэврийн зээлийг  нэг удаа тэглэх хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тиймээс нэгдүгээр сарынхаа тэтгэврийг  тавиад,  зээлийнхээ хүүг суутгаад авчихсан.  Харин ирэх сарын тэтгэврийг олгохдоо нэгдүгээр сарын тэтгэврээс суутгаж авсан зээл,  зээлийн хүүг хоёрдугаар сарын тэтгэвэрт нэмж олгоно гэж ойлгох хэрэгтэй. Мөн  тэтгэврээс авсан зээлийг нэг удаа тэглэж байгаа учраас зээлийнхээ бүтээгдэхүүнийг нэлээн боловсронгуй болгох шаардлагыг тавьсан.

Ер нь иргэдийнхээ орлогыг барьцаалан зээл олгодог энэ асуудал байж болохгүй. Ахмадууд хоёр жилийн хугацаанд тэтгэврээ барьцаалж зээл авчихаад 100 хувь  зээлэндээ өгчихөөр  тэр ахмад яаж амьдрах вэ. Тэтгэвэр гэдэг бодит орлого биш шүү дээ.  Тиймээс УИХ-аар хоёр жилийн хугацаатай зээлийг зургаа хүртэлх сарын хугацаатай болгох шийдвэр гаргасан. Улмаар хоёрдугаар сараас зургаа хүртэлх сарын зээлийг хэдэн  хувийн хүүтэй олгох вэ гэдгийг арилжааны банкуудтай тогтож гэрээ байгуулна. 

Эдийн засгийн өсөлт, төсөв санхүүгийн боломжийг сайжруулах талаар ОУВС-тай хамтарч ажиллаж байгаа талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлсэн юм. Уг ажлын үр дүнд манай улсын эдийн засагт  өсөлт гарчээ. Нөгөө талаас ажлын сахилга бат хариуцлагыг сайжруулах талаар Ерөнхий сайдаас тавьж буй шаардлага, төсөвт хяналт тавьснаар бодит үр дүнгээ өгсөн гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн  Г.Мөнхцэцэг “Говьсүмбэрчүүд хүн ам нь өссөн, мал сүрэг нь нэмэгдсэн, хувьтай хүн үздэг хулгана жилийн амны хишиг дээр Засгийн газрын тэргүүн та бүхэнтэй уулзаж байгаад их билэгшээж байна. Манай аймаг хүн ам цөөтэй, газар нутаг багатай хэмээн хөгжлөөс гадна орхигдсоор ирсэн. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг ард иргэд мэдэрч байгаа байх. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд аймаг орон нутгийн удирдлага,  Засгийн газартай хамтраад Говьсүмбэр аймаг өөрөө хөгжлийн гол төв  зам байх ёстой гэдэг байр сууринд бат зогсож, хөрөнгө оруулалтын ажлыг багагүй хийлээ” гэдгийг онцолсон юм. Уулзалтын төгсгөлд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын  эмнэлэгт түргэн тусламжийн автомашин шийдэж өгсөн сайхан мэдээллээр Ерөнхий сайд  У.Хүрэлсүх уулзалтаа өндөрлөв. Ерөнхий сайдын томилолт Хэнтий аймагт үргэлжилж байгаа юм.