-Банк дампуурахад олигархиуд хожиж, төр, ард түмэн хоёр л хохирдог-
Улсын мэдлийн банкууд зээлийг танил талдаа 10 хувийн хахууль авч өгдөг байсан явдал ужгирсаар өнөөг хүрч, Монгол Улс 21 дэх банкныхаа “амыг барилаа”. Банкууд дампуурсан шалтгаан ердөө л чанаргүй зээлтэй холбоотой. 1991-1997 онд улсын мэдлийн арилжааны банкаар дамжин олгогдоод найдваргүй болсон зээлийн хэмжээ 100 сая ам.долларт хүрсэн нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, банкны үйл ажиллагааны мэдлэг туршлага хомс, эрсдлийг үнэлэх арга зам сул байснаас гадна төр, засгийн алдаатай бодлого, хяналт шалгалтын дутуу дулимаг байдлаас болсон гэдэг.
Монгол Улсад банкны тогтолцоо үүссэн цагаас хойш 1993-1996, 1999-2000, 2008-2009 онд нийт гурван удаагийн банкны хямрал болсон байдаг. Харин энэ удаагийн “Капитал” банкны дампуурал дөрөв дэх удаагийн хямрал болсон гэхэд болно.
1993-1996 онд зургаан арилжааны банк дампуурсан бөгөөд банкны салбар төдийгүй улс орны хувьд зах зээлийн шилжилтийн үедээ байснаар тайлбарлагддаг. Дотоодын нийт бүтээгдэхүүн буурч, чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь хэмжээ өссөн нь банкны системийн эхний үеийн хямрал болсон гэсэн дүгнэлтийг эдийн засагчид гаргасан байдаг. Харин 1999-2000 онд тохиосон “Баянбогд”, “ММ инвест”, “Монгол бизнес”, “Сэргээн босголт” ХОТШ, “Эдийн тэнгэр, “Экспорт импорт”—ын банкууд төлбөрийн чадваргүй болж дампуурсан. Мөн л дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оноос 66 хувиар буурч, арилжааны банкуудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 54.3 хувьд хүрч, тухайн үеийн Засгийн газар эрсдлийг нуруундаа үүрч 100 тэрбум төгрөгийг төсвөөс гаргаж, хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгож байв.
Түүнчлэн 2008-2009 онд “Зоос”, “Анод” банкууд төлбөрийн чадваргүй болж, дампуурлаа зарласан бөгөөд мөн л хадгаламж эзэмшигчидтэй холбогдсон 225 тэрбум төгрөгийн зардлыг төр барагдуулж байлаа.
Гурав дахь нь 2008-2009 он, Энэ хугацаанд “Зоос”, “Анод” банкууд төлбөрийн чадваргүй болж, үүдээ барьсныг бид сайн мэднэ. Эдгээр банкуудын хадгаламж эзэмшигчдэд “Банкны мөнгөн хадгаламж баталгаа гаргах тухай” хууль батлагдсантай холбогдуулан одоогийн байдлаар 225 тэрбум төгрөгний зардал гарган хохирлыг барагдуулсан. Ямартай ч энэ үед ДНБ өмнөх оноос 1.6 хувиар буурч, арилжааны банкуудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 17.4 хувьд хүрчээ.
Банкуудын дампуурсан түүхүүдээс бидний сайн мэдэх, дуулиан шуугиан дагуулсан хэдхэн банкны дампуурлын шалтгааныг эргэн сөхье.
2013 он. Монгол, Оросын улстөр, бизнес бүлэглэлийнхний хамтын эзэмшлийн “Хадгаламж” банк хаалгаа барилаа. Энэ банкийг Төрийн банкинд нэгтгэснийг бид мэднэ. “Жаст”-ын Ш.Батхүү, “Эрдэнэт”-ийн Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга Д.Сугар нар хуйвалдаж, төрийн өмчит томоохон компаниудаар баталгаа гаргуулж, гадны банкуудаас зээл авснаас энэ банк үүдээ барихад хүрсэн гэгддэг. Гэтэл Олон улсын банкны хяналт шалгалтын Базелийн хорооноос “Хадгаламж”-ийн дампуурсан шалтгааныг төрийн удирдан зохицуулах асуудлаас үүдэлтэй гэх маягийн дүгнэлт гаргасан байдаг. ОХУ-ын “Коалка” группээс “Хадгаламж” банкийг худалдаж авах хэлцлийг “Жаст” групптэй 2009 онд хийснээр тус банкны хувь нийлүүлэгч “Жаст” групп болсон байдгийг энд сануулъя. Группын эзэн Ш.Батхүү ашигт малтмалын олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг “Олон овоот гоулд” ХХК-ийнхаа нэр дээр гадаадын банкуудаас их хэмжээний зээл авснаар банкны салбар доголдсон гэдгийг олонхи мэддэг, ярьдаг.
Харин Сэргээн босголт банкийг байгуулагдсан өдрөөс нь эхлэн дээгүүр, доогуургүй тонож эхэлсэн тухай тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Батбаяр нэгэн нийтлэлдээ тодорхой бичсэн байдаг. Энэ банкийг дампуурахад Дархан, Сэлэнгийн нэр нөлөө бүхий эрхмүүд оролцсон тухай тэнд дурьдсан байна лээ. Энэ банк ердөө хэдхэн сарын дотор 7.5 тэрбум төгрөгийн найдваргүй зээл тараасан бөгөөд энэ луйврыг Дархан, Сэлэнгийнхэн хийсэн, банкны захирлыг нь шүүхэд өгч, зээл гаргахын зогсоосон тушаал гаргасан байхад л асар их хэмжээний зээлийг нэмж тараасан тухай юм. Энэ үед байгуулагдаад гуравхан жил болж байсан “Голомт” банк “Сэргээн босголт”-ыг авч, өөрийн бүрэн эрхт төлөөлөгчөө оруулан шалгалт явуулж, банкийг цөлмөсөн томоохон зээлдэгчдийг зээлээ төлөхийг шаардав. Энэ бол 1999 оны үйл явдал. “Сэргээн босголт”, ХОТШ банкуудын дампуурлыг Монголбанкнаас зарлаж, банкуудын эзэд өөрсдийн хувьцааг салгаж аваад арилж өгөв. Хохирол болох 35 сая ам.долларыг мөн л улсаас төлжээ.
2009 он. “Анод”, “Зоос” банкууд хаалгаа барилаа. Энэ хоёр банкны дампуурлын шалтгаан нь “Монгол газар”-ын захирал Ц.Мянганбаяр болохыг “баталсан” мэдээллүүд тухайн үеийн хэвлэлийн хуудаснаа байж байна. Авсан зээлээ төлөхгүй байснаас банкны төлбөрийн чадварт нөлөөлсөн гэдэг. Банкуудын хувьд нийт активын 10 хувиас их хэмжээний зээлийг нэг хүнд олгоно гэдэг нь ихээхэн эрсдэл дагуулдаг. Ц.Мянганбаяр “Зоос” банкнаас 60 орчим тэрбум төгрөгийн зээл авч, чанаргүй зээлийн ангилалд оруулсан түүх нэг их холынх биш. “Анод” банкны тухайд 2010 оны есдүгээр сарын 30-ны өдөр тус банкны зээлдэгчдийн судалгаагаар нийтдээ 2908 зээлдэгч 122.197.742.739.9 тэрбум төгрөгийн өртэй байгаа гэсэн байна. Энэ зээлийн 103 тэрбумыг нь 100 гаруйхан хүн хувааж авсан тухай тухайн үед “Монголын мэдээ” сонин мэдээлж байсан юм. “Анод” банкийг “Анод” компанийн ерөнхий захирал Д.Энхтөр, “Эрчим хүч-Байгаль орчин” ХХК-ийн ерөнхий захирал С.Жаргалсайхан, “Анома” ХХК-ийн ерөнхий захирал Т.Батсүх, “Амонда” ХХК-ийн захирал Н.Даваа, “Гүн төгөл” ХХК-ийн ерөнхий захирал Э.Гүр-Аранз, “Очир төв” ХХК-ийн захирал Д.Дамба-Очир /одоогийн УИХ-ын гишүүн/ нар үүсгэн байгуулж, “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат 2003 онд нэг тэрбум, иргэн Д.Наранбаатар 200 сая төгрөгийн хувь эзэмшихээр, 2004 онд “Очир төв” нэг тэрбум, “Алтжин” группын Г.Алтан хоёр тэрбум төгрөг, “Түшиг” ХХК 5 тэрбум, иргэн Д.Батмөнх 500 сая төгрөгийн хувь эзэмшихээр дүрмийн санд оруулсан байдаг. Гэвч хувь нийлүүлэгчид хувьцаагаа Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт бэлэглэж, хариуд нь ихээхэн хэмжээний зээл авсан авсан бөгөөд “Анод” банкны 122.1 тэрбум төгрөгийн зээлийн 39 хувь нь буюу 48.7 тэрбум төгрөг нь хувь нийлүүлэгчид буюу тэдний хамааралтай этгээдүүдэд ногдсон байлаа. Тэдний тоонд УИХ-ын гишүүн асан, “Монроуд”-ын захирал Б.Гарамгайбаатар дөрвөн компанийн нэр дээр 17 тэрбум 514 сая 169 мянган төгрөг ч зээлээд амжжээ.
Арилжааны банкуудын дампуурлын шалтгаан ердөө л хэдхэн хүний “гараар орсон” гашуун түүх энэ удаад ч давтагдлаа. “Капитал” банкны дампуурлын шалтгаан, цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлүүд хангалттай бичиж, мэдээлж байгаа учраас энд давтах нь илүүц биз.
Хувийн ч бай, хувьсгалын ч бай, банк дампуурах нь хэнд хохиролтой, хэнд ашигтай вэ. Чанаргүй найдваргүй зээлд итгэл төгс хамрагддаг, толгой топ бизнесмэнүүд, тэдний гар хөл болсон улстөрчдөд ашигтай байж таарна. Харин татвар төлөгчид, шударга хөдөлмөрөөрөө, цус нулимсаараа олж цуглуулсан тав гурван цаасаа банкинд итгэж хадгалуулж, тэднээр мөнгөө “угаалгуулдаг” жирийн иргэд бүү хэл Монгол Улс, Монгол Төр л хохирдог. Эрсдлийг нь дааж байгаа нэрээр, ард иргэдийг чирэгдүүлэхгүй хохироохгүйн тулд төр л эрсдлийг нь дааж, хохирлыг нь барагдуулдаг. Гэхдээ төр татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг гэдгийг тэнэг хэнбугай ч гадарлана аа.