-Биднийг айдас хүйдэст автуулсан нь хэн билээ, төр засагтаа итгэх итгэлийг маань хэн алдуулаад байгаа билээ. Та шүү дээ, Б.Ундармаа гишүүн ээ-
УИХ-ын 40-өөд гишүүн ёс суртахууны ноцтой зөрчил гаргаж зорилтот бүлгийнхний хүртэх ёстой зээлийг албан тушаал, эрх мэдэл, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан зээл авч ашигласан нь тогтоогдсон. Тогтоогдсон гэдэг нь хуулийн байгууллагынхан дээрх “хэргүүдийг” тогтоосон гэсэн үг. УИХ чуулганы хуралдаанаар хэлэлцээд ч нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох нь бүү хэл, Улсын ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгамаар байна гэхэд нь аваад үлдсэн. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэдэг малгайн дор өнөөгийн гишүүдийн олонхи нь энэ төрлийн булхай луйврыг хийчихсэн нь илэрхий болсон. Тэднийг “ММ” сонин “Сонгож болохгүй сонголт” булангаараа онцолж буй. Өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Б.Ундармааг онцолж байна.
Худалдаа үйлчилгээ, зочид буудал, банк санхүү, дэд бүтэц зэрэг олон салбарыг хамарсан 10 орчим охин компани, 2000 орчим ажилтантай “Бишрэлт” группын эзэн тэрбээр НИТХ-д хоёр удаа төлөөлөгчөөр сонгогдож, Боловсролын дэд сайдаар ажиллаж байлаа. Түүнчлэн МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан зэрэг нь УИХ-ын гишүүн болж, улс төрд хөл тавихад нь гишгүүр болсон биз. 2016 оны УИХ-ын сонгуульд 75 дугаар тойрогт нэр дэвшиж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Ш.Түвдэндорж, МАХН-аас нэр дэвшсэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэргий О.Цолмон нартай өрсөлдөж ялалт байгуулсан. Муугүй өрсөлдөгчдөөс ялгарч гарч ирсэн гэсэн үг. Сонгинохайрхан дүүргийнхэн түүнийг сонгохдоо бидний боломжийг хулгайлаарай, хувьдаа завшаарай гэж сонгоогүй. Харин тэр сонгогчдынхоо итгэлийг алдчихлаа. Өнгөрсөн онд түүнийг олон нийт зай завсаргүй “нүдлээ”. Өөрөө ч нүдүүлэх юмаа хийчихсэн болохоор өмөөрөх шалтаг алга. Өөрийн бараг 100 хувийг нь эзэмшдэг “Капитал” банкаараа дамжуулан Тэтгэврийн даатгалын сангийн 104, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136, ЖДҮХС-гийн 47, МУБИС-ийн хоёр, АШУҮИС-ийн дөрвөн тэрбум, нийт 340 орчим тэрбум төгрөгийг байршуулж, гарын салаагаар урсгасан хэрэг нь өнөөдөр ч хэрхэх нь тодорхойгүй хууль шүүхийнхний толгойн өвчин болоод байна. Тэр буруугаа хүлээх нь бүү хэл, “улс төрийн нөлөөгөөр гүтгэж байна” гэж мэдэгдэв. Бүр болохоо байхаар нь “Капитал” банк надад хамаагүй гэж мэлзэв. Татвар төлөгчдийн мөнгийг хувийн арилжааны банкаараа дамжуулан завшчихаад, банкаа дампууруулсан түүнийг Улсын ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаад шалгах хүсэлтийг УИХ-д тавьсан ч “өнгө ижил” гишүүд нь түүнийг хаацайлаад үлдээв. Гэвч энэ бол хэсэгтээ гал унтраах л арга. Удахгүй сонгууль болно. Иргэдийнхээ боломжийг хулгайлсан Б.Ундармаа дахин УИХ-ын гишүүн болно гэж санахын ч хэрэггүй. Түүнийг сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй байхаа намын дарга нь мэдэж байгаа байх.
Хэрэв ЖДҮХС-гаас зээл авч ашигласан, татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаасан үйлдэлдээ уучлалт гуйж, улсыг хохиролгүй болгоод УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс сайн дураараа татгалзаад, хуулийн байгууллагад өөрийн хүсэлтээр шалгуулчихсан бол түүнийг эмэгтэй хүн гэдгээр нь өмөөрч өмөлзөхөөр л байлаа. Гэвч түүнд тийм эр зориг байсангүй. Буруутай гэдгээ баталчихсан. Бас шалгуулахаас айсан.
Б.Ундармаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад жилийн нийт орлого нь 24.4 сая төгрөг, гэр бүлийнх нь нийт орлого 33.6 сая төгрөг. Мөн “Зоос гоёл” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бишрэлт косметикс энд фейшн” ХХК, “Соёмбо даатгал” ХХК, “Капиталмаркет корпораци” ҮЦК ХХК, “Капитал банк” ХХК, “Бишрэлт холдинг” ХХК, “Нью даниста рөүд энд констракшн” ХХК, “Эрдэнэзам ХХК” гэх компаниудад хувь оролцоотой гэдгээ мэдүүлжээ. Банк, санхүү, үнэт цаас, даатгал, уул уурхай гээд бизнесийн бүхий л салбарт гараа дүрж. Тэр улстөрч биш байсан бол энэ бүхэн тэр хүний эрх. Улстөрч, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүнд бол ёс суртахуун гэж хэв загварт хашигдаж байх ёстой. Тэрбээр ЖДҮХС-гаас зээл авахын тулд сангийн захирлыг утсаар дарамталсан байдаг. Тодруулбал, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг “УИХ-ын гишүүн Б.Ундармаа над руу утсаар ярьж, сайдад чинь хэлчихсэн байгаа, материалуудыг нь үзүүд дутуу зүйл байвал хэлээдэх, хугацаанд нь бүтээгээдэх. Сайд чинь бүтнэ гэчихсэн байхад та бүтээгээдэх” гэсэн өнгө аястай ярьсан хэмээн хууль хяналтынханд мэдүүлсэн байдаг аж. Түүнчлэн “Хуваарилагдсан мөнгөө авъя. Яагаад манай компани тэнцээгүй юм бэ. Би авах ёстой юмаа авах ёстой” гэсэн байна. Тухайн үед Б.Ундармаагийн “Доктор мэйк” ХХК-ийн төсөл нь шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар санхүүжилтээс хасагдчихаад байсан /Эх сурвалж: Зууны мэдээ сонин/ гэсэн байдаг. Энэ бол цэвэр албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл.
Хувьдаа 128 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хүнд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн багахан хэмжээний санхүүжилт дутлаа гэж үү. Хүний шуналд хязгаар байдаггүй гэдэг. Хэрэв тэр санхүүжилтийг өөрийнхөө хувийн компанид биш тойргийнхоо хэн нэг хувийн аж ахуйтанд олгуулахаар ярьсан бол ойлгож болох юмсанж. 2015 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Г.Баярсайхан “Хөдөлмөр эрхлэлтийн сан”-гийн жижиг зээлийн эх үүсвэр болох 7.6 тэрбум төгрөгийг “Капитал” банкаар дамжуулан зорилтот бүлэгт хүргэхээр гэрээ байгуулснаар жилийн долоон хувийн хүүтэй хоёр жилийн хугацаатай олгодог зээлийн хөрөнгийн 50 хувийг эд бад хийж, 50 хувийг нь л зориулалтын дагуу гаргасан байдаг. Нийгмийн даатгалын олон тэрбум төгрөг, ЖДҮХС, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хувийн банкаараа дамжуулан мөнгө угааж, хөрөнгөжсөн Б.Ундармаа гишүүн товчхондоо “ядуусыг дээрэмдэж” гаршсан бололтой.
2019 оны эхээр Улсын ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглан өөрийн хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжид зээл авсан хэрэгт холбогдуулан шалгах хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Харин холбогдох Байнгын хороод хэлэлцээд тэдний эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн УИХ-аар хэлэлцүүлж, УИХ ч дээрх дөрвөн гишүүнийг хамгаалж үлдсэн.
Түүний дараахан сэтгүүлчид миний тухай ярих, ямар нэг зүйл бичихээ боль мөнгө өгье, телевизэд миний тухай дуугүй бай мөнгө өгье хэмээн ярьсан талаар эх сурвалжууд өөрсдөө олон нийтийн сүлжээнд бичиж байв.
Бүтэн жил хэвлэлээр, олон нийтийн сүлжээгээр яригдаж, бичигдсэн сэдвийн эзэн УИХ-ын чуулганы хуралдаан /2019 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн/-аар Өргөн нэвтрүүлгийн хуулийн төслийг хэлэлцэж байтал Б.Ундармаа гишүүн “Орой телевизээ асаахад л айдас хүйдэст автагдсан, дандаа сенсаацитай мэдээ дамжуулж байдаг. Өнөөдөр ард түмэн төр засагтаа итгэх итгэлийг алдуулахаар хэт их сенсаацийг хөөж байна” ярьсан нь ард иргэдээ басамжлах мэт сонсогдож байлаа. Айдас хүйдэст автуулсан нь хэн билээ, төр засагтаа итгэх итгэлийг маань хэн алдуулаад байгаа билээ. Та шүү дээ, Б.Ундармаа гишүүн ээ.