ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Тэвнэ"-ээр тусалсан монголчуудын бэлгийг "тэмээ" болгон ярьж байна, тэд

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-28

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр маш богино хугацаатай атлаа, дэлхийн улс төрийн түүхэнд тод томруун мөр үлдээх түүхэн айлчлалыг урд хөрш болох БНХАУ-д хийгээд ирэв. Түүнийг хэзээ ч ийм нүүдэл хийж чадахгүй хэмээн бодож байсан олон зуун мянган хүний гайхшийг төрүүлж, басхүү ямархуу алсын хараатай Ерөнхийлөгч болсноо батлан харуулж чадлаа, тэр.

Дэлхийн таван тив, 44 улс оронд коронавирус тараасан "буруутан" хэмээн нэрлэж, дэлхий нийтээр Хятадуудаас дөлж, зугтаж буй энэ үед халуун гараа ямар ч хэлбэр дүрс, элдэв санаа бодол, дүр эсгэсэн төрхгүйгээр сунгаж, аль ч цаг үед хамтдаа зогсоно гэдгээ харуулсан мөнхийн хөрш Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү богино хугацааны айлчлал хоёр улсын урт хугацааны хөгжилд тод томруунаар бичигдэн үлдэх нь дамжиггүй. Айлчлалын тухай мэдээ анхлан гарч эхлэхэд олон хүн бухимдаж байлаа.

“Өвчлөл гарсан энэ цаг үед очиж юугаа шийдэх гэсэн юм бол, монгол хүн тусдаггүй гэдгийг харуулах гэсэн юм байх даа” гэсэн алсын хараагүй, амин хувиа хичээсэн зан цөөхөн хэдхэн монголчууд тэр дундаа Х.Баттулгын эсрэг фронт ажиллуулж буй Ц.Элбэгдорж нарыг аялдан дагалдагчдаас гарч байв. Гэвч Х.Баттулга бусад шиг тайзан дээр гарч зогсоод поп тоглолт хийсэнгүй. “Монгол Улс хуультай, Улсын онцгой комисс нь шийдвэр гаргасан учраас эргэж ирээд ном ёсоор нь тусгаарлагдана аа” хэмээгээд хамгийн хэцүү цагт нь хөршдөө халуун хошуут малаасаа хандивлахаар нисчихээд ирлээ. Юугаараа баян түүгээрээ дайлна гэдэг энэ ажээ.

Монголын брэнд болсон “Говь”-ийн ноолуур дээр “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас. Тэвдэж явахад тэвнээр тусла. Коронавирусийн халдварыг таслан зогсоох, эрсдэлтэй нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, мөнхийн хөрш Хятадын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг болгон Монголын ард түмэн 30 мянган толгой хонь хандивлав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар нар" гэжээ.

Угтаа энэ бэлэг бол ганцхан Х.Баттулгын биш Монголын ард түмний халуун сэтгэлийн дэмжлэг болон очиж байна. Монголын Ерөнхийлөгч дангаар гаргасан бус Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван хүн санаа нэгдэж, хөршийгөө “халуун шөл”-өөр эргэхээр шийдсэн нь тэр. Хамгийн хэцүү цагт ч хамтдаа гар, гараасаа атгалцаад зогсох мөнхийн хөрш хоёр улсын түүхэнд энэ үйл явдал хамгийн сэтгэл хөдөлгөм, зуун дамжин яригдах айлчлал болон үлдэх нь тодорхой. Элдэв уянгын халил энд хэрэггүй ч “Дуслын төдий ачлалд булгийн ундарга шиг хариуг буцаан барьмуй” гэх Күнзээс иш татсан Ши Жиньпин даргын үг л бидний тусламж чухам ямар эгзэгтэй цаг үед түүнд хүрснийг илтгэх билээ.

Бид эргээд энэ улсаас тусламж гуйх, аяганы хариу өдөртөө хэмээн хариу нэхэх албагүй, тийм зүрх ч байхгүй. Тэртээ, тэргүй дэлхийн хүчирхэг эдийн засагтай Хятад улсаас бид хангалттай их тусламж дэмжлэг авсаар ирсэн, цаашдаа ч авах билээ. Монголын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нь үнэлж  барамгүй. Гэвч юугаараа баян түүгээрээ дайлсан бидний ач тусыг хэзээ ч мартахгүй гэдгээ Ши дарга дээрх ганцхан өгүүлбэрээр хэлчихэв. Дипломат ёсны аргаар бий болгож чадсан энэхүү өвөрмөц дотно харилцаа цаашдаа Монголын эдийн засагт хэчнээн жил, хэдэн арван жил ач тусаа өгөхийг энд дүгнэж бичихэд эрт байна. “Баярлалаа, монголчууд аа. Баярлалаа, ноён Ерөнхийлөгч өө” энэ үгийг хятадын олон сая иргэд хэлж байх ажээ. Дэлхий тэднээс айгаагүй юм, тэднийг гадуурхаагүй юм гэдгийг Монголын Ерөнхийлөгч үйлдлээрээ нотлон харуулсан тухай өнөөдөр дэлхийн олон зуун хэвлэл, мэдээллийн агентлагууд бичиж байна. Холоос ярих биш харин очиж үлгэрлэхийг тэр харуулснаараа цөөхөн хүн амтай ч эртнээс л хүчирхэг байсан Монголыг дэлхийд дахин сурталчилж чадав. Худам монгол бичгээрээ бичсэн түүний энэ бэлэг Монгол Улс өөрийн гэсэн түүхтэй, өв соёлтой, тусгаар улс гэдгийг дэлхийд мөн сурталчилж чаджээ. 

 Монголын төрийн тэргүүний “гэнэтийн бэлэг” Хятадын соошл сүлжээг тэр чигээр нь донсолгожээ, өчигдөр. Хүн бүхэн "нүүрээ буруулсан" энэ цагт мөнхийн хөршийнх нь Ерөнхийлөгч инээгээд бууж ирнэ гэдэг ёстой л эмнэлэгт хэвтсэн найзыгаа эргэж буй нөхрийн чин сэтгэл байж. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга та бүхэнд баярлалаа. Тусгаар Монгол Улс үргэлж бусдаас гуйдаггүй, бас өгч чаддаг гэдгийг харуулав, та бүхэн. Хамгийн хэцүү хүнд үед халуун гараа сунгах чин сэтгэл зөвхөн монголчууд бидэнд байдаг гэдгийг харууллаа. Ийм богино хугацаанд түүхэн айлчлалыг зохион байгуулсан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Элчин сайд Д.Ганхуяг, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, ЕТГ-ын дарга Ө.Шижир гээд энэ бүхний ард баг болж чадсан хүн бүхэнд Хятадын ард түмнээс гадна монголчууд ч бас баярлаж байгаа. Тэрбум гаруй хүн амтай улсад 30 мянган хонь гэдэг “жижигхэн” бэлэг байж болох ч түүнээс илүү зориод очсон чин сэтгэл нь хамгийн том бэлэг байсныг тэд өөр хоорондоо ярьж байна. Өвчин гарснаас хойш хийгдсэн анхны төрийн айлчлал гэдгээрээ ач холбогдол, үр дүн нь гурван тэрбум хониор ч хэмжигдэхгүй өндөр байсан юм.  Тэвдэж явахад нь "тэвнэ"-ээр тусалсан монголчуудын чин сэтгэлийг "тэмээ" болгон тэд ярьж байна.