ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Бямбацогт: Оюутнуудаас шинжилгээ аваад гэрт нь хариулах хэрэгтэй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-11-19

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" хийх мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт:

Цар тахлын үед Улсын онцгой комисс, шуурхай комисс, эмч, цагдаа, хилийн цэрэг, дотоодын цэрэг, онцгойгийнхон, эрчим хүч, хүнсний үйлдвэр дэлгүүрүүд болоод хот тохижилтийнхон маань эрсдлийг умартан ажиллаж байгаад туйлаас баярлаж байна. Энэ хүмүүсээ амраах хэрэгтэй байхаа, цаг наргүй ажиллуулж байтал шургаад унах вий гэдгийг анхааруулаад хэд хэдэн асуулт асууя.

-Улаанбаатар хотод ирээд гацсан орон нутгийн иргэдийн асуудлыг хэрхэх вэ. Энэ асуудлаар МАН-ын бүлгийн дарга Г.Тогтохсүрэн гишүүн Шадар сайдаас лавлаж, лавласан мэдээллээ иргэдэд хүргэх УИХ-ын гишүүний үүргээ биелүүлэн ажилласан нь зөв байсан уу. Энэ талаар Шадар мэдээлэл өгнө үү.

-Оюутнууд бүгд дотуур байрандаа хоригдоод гэртээ харимаар байна гээд байж байна. Оюутнууддаа улирлын амралтыг нь өгөөд эсвэл онлайнаар хичээлийг нь заан, зохих шинжилгээг өгүүлээд гэрт нь хариулах хэрэгтэй гэж бодож байна. Ингэвэл цахилгаан, дулаан гээд бусад зардлууд танагдана.

-Аж ахуй нэгж иргэд маань 5 давхар дарамтанд амьдарч байна. Татварын, цалин хөлсний, зээлийн, түрээсийн, нийгмийн даатгалын шимтгэлийн гээд. Үүнд харилт өгнө үү.

-Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх эрсдэл үүсэх вий. Үүнд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ.

-Өчигдөр иргэн цагдаа нарын хооронд зөрчил үүссэн байна. Үүнд хариулт өгөхгүй бол цаашдаа үл ойголцол үүсэх вий. Үүнд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ.

Шадар сайд Я.Содбаатар: Албаны шугамаар ирсэн 500 гаруй иргэн, бусад байдлаар ирсэн иргэдийн мэдээллийг нэгтгэж байна. Өнөөдрөөс 4 хоногийн өмнө байдал гайгүй бол энэ сарын 18-наас орон нутгийн иргэдийг гаргаж болох юм гэсэн түр журмыг гаргасан байсан. Энэ асуудлаар Г.Тогтохсүрэн гишүүнд би мэдээлэл өгсөн нь үнэн. Оюутны байранд 12500 оюутан байна. Орон нутгаас ирж гацсан хүмүүсийг 12 сарын 1 хүртэл хүлээж байгаарай гэж хэлмээр байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Энхсаран сувилалтай холбоотой асуудлаар шалгалт явуулж байна, өнөөдөр мэдээлэл танилцуулна гэсэн. Зайсанд болсон цагдаагийн алба хаагч иргэний хооронд үүссэн нөхцөл байдал шалтгааныг шалгаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл энэ сарын 9-нд улсын хэмжээнд 122 бүртгэгдэж байсан бол, энэ сарын 18-нд 40 бүртгэгджээ. Энэ нь согтууруулах ундаа хэрэглэхгүй байгаатай холбоотой гэж үзэж байна гэсэн юм.

Харин аж ахуй нэгж, иргэд татварын, цалин хөлсний, зээлийн, түрээсийн, нийгмийн даатгалын шимтгэлийн гээд дарамтанд амьдарч байгаад хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодорхой мэдээлэл өгсөнгүй.