ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалъя

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-30

- Тост, Тосонбумбын нуруу ард түмний өмч -

УИХ-ын гишүүнд хууль үйлчилдэггүй гэдгийг Б.Чойжилсүрэн жинхэнэ утгаар нь сүүлийн хэд хоногт харуулж байна. “Би хууль зөрчөөгүй. Баримтаа олоод ир” гэж сэтгүүлчдийг загнаж, зандарч томорсон эрхэм гишүүний үг үйлдэл өдөр, шөнө шиг зөрж буйг тэрбээр үл тоож явна.

Монголын 33 говийн үзэсгэлэнтэй, байгалийн өвөрмөц тогтоцтой газруудын нэг нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруу. Байгалийн нөөц газарт тооцогддог энэхүү Тост, Тосон бумбын нуруу дэлхийд ховорт тооцогддог Аргаль, Угалз, Ирвэс зэрэг амьтдын өлгий нутаг. Монгол омгийн цус судсаар нь гүйж, Монголоо гэсэн сэтгэл өвөрлөж явдаг хүн хайрлахгүй, харамлахгүй байхын аргагүй сайхан нутаг. Гэтэл их говийн дунд торойн үдэж буй их баян бүрдүүдийг бэрдийн сэтгэлээр сүйтгэх зориг гаргасан эрхэм гишүүн Б.Чойжилсүрэн лав л эрүүл ухаантай хүн биш ээ. Түүний судсаар харийн цус гүйж буй нь тодорхой. Монгол хүн ингэж зүрхэлдэггүй юм. 

Caption

Монголчууд эртнээс л эх болсон байгалиа дээ­дэлж, хамгаалж ирсэн түүхэн уламжлалтай. Энэ бол яс маханд нь байдаг юм. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Чойжил­сүрэнд ийм сэтгэлийн сэмэрхий ч алга. Нэгэн баримт дэлгэе. Тосон бумбын нурууны 880 мянган га газрыг 2016 онд Улсын тусгай хамгаалалтад авахаар болжээ. Ингээд Засгийн газар Улсын тусгай хамгаалалттай газрын хил заагийг нарийвчлан тогтоогоогүй байтал УИХ-ын сонгууль болов. Сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар Улсын тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг 730 мянган га газраар баталсан байдаг.

Үлдсэн 150 мянган га газар хаашаа ч юм алга болчихов. Тэгвэл улсын тусгай хамгаалалтын газраас сугарч хоцорсон 150 мянган га газарт буюу Хөвд, Хуршуутын баянбүрдэд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби Коал транс” компанид ашиглалтын тусгай зөв­шөөрөл олгосон байжээ. Ийм байдлаар эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгаль сүйтгэх эрхээ авчээ. Хуршуут гэдэг газар нь социализмын үеэс газар тариалан эрхэлж, Гурвантэс сумын хүнсний ногооны хэрэгцээг хангадаг, хүн малыг ундаалдаг говийн дундах баян бүрд байсан гэдэг. Ийм л газарт Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коал транс” компани нүүрс олборлож эхэлжээ.

Олборлолтын талбай нь улсын тусгай хамгаалалттай Тост, Тосонбумбын нурууны өвөр бэлээс зургаахан км-ийн зайтай. Уг компани саяхан гурав дахь амныхаа хөрс хуулалтыг хийж эхлэхдээ уурхайн овоолгын шороогоороо “Хүрэн шанд” хэмээх хүн мал, ан амьтад ундаалдаг хөрсний зад­гай булаг, шандыг нь дарж устгаад эхэлсэн гэнэ. Усны тухай хуульд “Голын эргээс 200 метр зайд усны хамгаалалтын бүс байна. Хамгаалалтын бүсэд ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалт бий. Гэтэл “Сауд гоби коал транс” компани “Хүрэн шанд”-аас 50 метр хүрэхгүй газарт уурхайн хөрс овоолж, задгай булгийг дарж эхлээд байгаа ажээ.

Мөн тус компани олборлолт явуулж эхэлсэнээс хойш Тост, Тосонбумбын нурууны 14 булаг шанд ширгэж үгүй болсон гэх. Гэтэл эрхэм гишүүн “Нэг ч гол ширгэхгүй. Чи газар дээр нь очоод үзээрэй” хэмээн Төрийн ордон дотор томроод алхаж явна. УИХ-ын гишүүн хүнд төрийн хууль нөлөөлдөггүй юм байна. Тэгвэл НҮБ-ын Ерөнхий асамблейн тогтоолд “Хэнийг ч амжиргааны хэрэглүүрээс нь салгаж үл болно” гэж заасан байдаг. Говийн малчдын амжиргааны гол хэрэглүүр бол бэлчээр, ус. Түүнийг нь сүйтгэнэ гэдэг амжиргаанаас нь салгаж байна гэсэн үг. Хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг УИХ-ын гишүүн та ойлгож, шуналын бузар савраа татах болов уу гэж үүнийг санууллаа. Хэдэн хөөтэй хар нүүрс яах вэ, Монголд зөндөө бий.

Харин Тост, Тосонбумбын нуруу шиг байгалийн нөөц газар говьд байхгүй. Энэ сайхан байгалийг сүтгэж үгүй хийвэл дахин хэзээ ч сэргэхгүй. Үүнийг мэдсэн нутгийн иргэд 2006 оноос хойш тэмцсэн. “Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааг зогсоох гэсэн иргэдийн эсэргүүцэл сүүлийн үед дарагдаж байх шиг байна. Тэд залхав уу. Эсвэл төрийн түшээгийн сүр хүчинд дарагдав уу гэсэн таамаг эргэлдэх болсон.

Гэтэл аль нь ч биш гэнэ. Мөнгөөр амаа таглуулсан бололтой юм. Нутгийн иргэд “Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааг эсэргүүцсэн тэмцэл намдах тийшээ хандсан. Тост, Тосонбумбын нуруугаа сүйтгүүлж, хэдэн иргэд мөнгө аваад, булаг шанд ширгээд дууслаа даа” гэж ярьж байна. Олны үг ортой гэдэг. Үнэхээр эрх мэдэл, мөнгөтэй хүн хаана ч “хаан” шиг заларч, юуг ч хийж болдгийн үлгэр жишээ энэ. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн төгс төгөлдөр хийж чаддаг юм байна.

“Нэг хүнд 40-50 сая төгрөг өгөөд л дуугүй болгодог”. “Малчдад 10-15 сая төгрөг өгөөд уурхайн олборлолтын бүсээс нүүлгэн шилжүүлдэг” гэсэн яриа өмнийн говиор нэг тэнүүчилж явна. Мөнгө авсан иргэдийг буруутгах гэсэнгүй. Үндсэн хуульд “Газрын доорхи баялаг ард түмний өмч байна” гэж заасан байдаг. Нэг муу ядарсан иргэд энэ өмчийнхөө нэг булангаас долоогоо л биз гээд өнгөрч болно л доо. Гэхдээ эрх мэдлээрээ түрий барьж улсын тусгай хамгаалалттай нутгийг таслан авч сүйтгэж байгаа УИХ-ын гишүүний увайгүй үйлдлийг л харин тэвчиж өнгөрөөх арга үнэхээр алга. Монгол Улс гэж байдаг л юм бол ийм хууль бус бусармаг үйлдэл гаргаж буй эрхэм гишүүнийхээ шулмын гарыг татах цаг нь болжээ.

Дундговь аймгийн Гурвансайхан су­мын Салхи­тын мөнгөний ор­дын ашиглалтын тусгай зөв­шөөр­лүүдийг цуцалсантай адил­хан ажиллагаа Б.Чойжил­сүрэнгийн “Сауд гоби коал транс” компанид үгүйлэгдэж байна. Хүүхэд чихрээр хуурч байгаа мэт сум орон нутагт нь хэдэн төгрөг атгуулж, сургуулийн дээврийн засвар, хэдэн хайс хийсэн нэрээр орон нутгийн иргэдийг хуурч, байгалийг нь сүйтгэн, Б.Чойжилсүрэн халаасаа түнтийлгэж сууна. Улсын тусгай хамгаалалттай газрыг сүйтгэж олсон мөнгөө сонгогчидод тарааж, санал худалдан авснаар мөнхийн гишүүн болно гэж тэр зүүдэлж явна. Ерөнхий сайд аа, түүнийг зүүднээс нь ангижруулж, эх байгалиа онгон дагшин хэвээр нь авч үлдэе. Төрийн төмөр нүүр үгүйлэгдэж байна.