ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Аубакирын худал амлалтаас болж Өлгийн бөхчүүд Наурызын барилдаанд зодоглохоос татгалзжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-03-21

Маргааш буюу өдөр шөнө тэнцсэн өдөр дэлхийн 30 гаруй улс орон тэмдэглэдэг ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэгдсэн Наурызын баярын өдөр тохиож байна. Энэ жилийн тухайд ажлын өдөр тохиож буй учраас Наурызын баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өнгөрөгч ням гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагджээ.

Казах түмэн энэ барилдаанд тунчиг ач холбогдол өгдөг бөгөөд казах ахан дүүсээс нь хэн гэж эр бяртай бөх төрөн гарч буйг, цаашдаа аймаг, улсын цолонд хэн хүрэх, ирэх жилийн наадамд хэн өнгөтэй барилдахыг ярилцаж, өргөн олноор Монгол бөхийн өргөөг дүүргэдэг уламжлалтай. Хаа хол Баян-Өлгий аймгийн сумдаас хүртэл бөхөд хайртай үзэгчид зорин ирж үздэг, Бөхийн өргөөг дүүртэл цуглацгаадаг.

Гэтэл энэ жилийн барилдаанд тийм үзэгч байсангүй. Бөхийн өргөө эл хуль оргиж, цөөн хэдхэн үзэгчтэйгээр Наурызын баярын барилдаан даруухан болж өнгөрчээ. Учрыг тодруултал, Баян-Өлгий аймгийн бөхчүүд энэ жилийн Наурызын баярын барилдаанаа УИХ-ын гишүүн, Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Т.Аубакираас шалтгаалан өнжихөөр шийджээ. Тухайлбал, Улсын заан Б.Серик, Улсын өсөх идэр начин Н.Мустафа, Аймгийн хурц арслан У.Береке, М.Еркебулан, Аймгийн арслан Т.Эрболат, Б.Тамира тэргүүтэй улс аймгийн цолтой 11 бөх барилдаагүй байна.

Угтаа, улсын цолонд ойрхон, казах түмний бахархал болсон залуус Нутгийн зөвлөлийн даргаа эсэргүүцэн барилдахаас татгалзжээ. Учрыг тодруулбал, Т.Аубакир УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Боксын тамирчин Э.Цэндбаатарыг хулхидсан шиг Н.Мустафад 30 сая, Б.Серикт 100 сая төгрөг тус бүр өгнө гэж олны өмнө амлаад хулхиджээ.

Улсын өсөх идэр начин Н.Мустафагийн тухайд хоёр дахь удаагаа хулхидуулж байгаа асуудал бөгөөд өмнө нь нутгийн зөвлөлөөс начин цолны мялаалганд нь хоёр өрөө байр өгнө хэмээсэн ч амлалтдаа хүрээгүй гэлцдэг.

Тэр ч байтугай УИХ-ын гишүүн Т.Аубакир Улсын заан Б.Серикийг Төрийн ордонд өрөөндөө хүлээн авч уулзахдаа хадаг, мөнгөн аягатай сүү өгөхдөө “Энэ бол ... төгрөгийн үнэтэй аяга шүү. Чамд зориулж хийлгэсэн” гэх утгатай үг хэлснээс үүдэн Б.Серик аягыг ширээн дээр нь орхиод гарсан гэх яриа ч өлгийчүүдийн дунд яригдаж байна. Мөн манай аймгийн бөхчүүд гэж “биеэ үнэлэгчид” хэмээн доромжилсон талаарх ч яриа сошиал орчинд таржээ.

Нутгийн бөхчүүдэд амласан амлалтдаа хүрч чадаагүй, нөгөөтэйгүүр Нутгийн зөвлөлийн даргын үүрэгт ажлаа олигтой хийж чадаагүйгээс үүдэн өлгийчүүд жилд ганцхан тохиох баяраараа нутгийн бөхчүүдээ үзэж чадаагүй, бөхчүүд өөрийг нь бойкотолж барилдахаас татгалзсан учраас тэрбээр Наурызын баярын үндэсний бөхийн барилдааныг нээж үг хэлэхээс татгалзан, Баян-Өлгий рүү явжээ. Харин түүний ажлыг овгийн ах УИХ-ын гишүүн Х.Баделхан хариуцан үлдэж, өлгийн бөхчүүд барилдаагүй шахам Наурызын баярын барилдааныг нээж үг хэлсэн болоод гарч оджээ.

УИХ-ын гишүүний энэ худалд занд өлгийчүүд ихэд бухимдаж, нутгийн зөвлөлөөс огцруулах, цаашлаад ирэх сонгуулиар итгэл хүлээлгэхгүй байх асуудал ч яригдаж байгаа аж. Хамгийн чухал нь бөхчүүд заавал мөнгө авах ёстой биш. Гэхдээ олон жилийн хөдөлмөр, нутаг орны нэр хүндээ өндөрт өргөж, хэр баргийн аавын хүү очихгүй улсын өндөр цолонд хүрсэн бөхчүүдээ удаа дараа нэр хүндээ өсгөх, УИХ-ын сонгуульд ашигласан атлаа амлалтдаа хүрээгүйд нутгийн бөхчүүд нь бухимдаж, доромжлогдсон мэт мэдрэмж авсан учраас ийнхүү барилдаандаа очихгүй байхаар шийдсэн хэрэг юм билээ.

Олон жилийн бэлтгэл, хөдөлмөрийг нь ашиглаж нэр хүндээ өсгөж, олны өмнө өчнөөн сая төгрөг амлаж, сонгуулиар дагуулан явж нэр хүнд олсон атлаа өгсөн зүйл юу ч байхгүй байгаа учраас л ийнхүү Нутгийн зөвлөлийн даргаа эсэргүүцэж буй хэрэг ажээ. Т.Аубакирын тухайд Кисебай өвөөгийн үр удам хэмээдэг бөгөөд УИХ-ын гишүүн асан Г.Солтан, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Дэд сайд асан Ж.Сауле, Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан Д.Бауыржан нартай нэг удмынх. Д.Бауыржан, Т.Аубакир нар нь Х.Баделханы төрсөн дүү нарынх нь хүүхдүүд бөгөөд тэд бүгд Баян-Өлгийд вант улс байгуулж, дүүгээ Засаг даргаар нь томилох ажлыг гардан гүйцэтгэж байсан хүмүүс билээ. Бид энэ асуудлаар өөрөөс нь тодруулахыг хүссэн ч “Ерөнхийлөгчтэй хамт уулзалтад байгаа учраас эргээд холбогдоё” хэмээлээ. Бид эргэн мэдээлэл хүргэх болно.