ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга: Их, дээд сургуулиудыг цөөлж, МСҮТ-д суралцагчдын тоог нэмэгдүүлнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-10

 

Гэгээрлийн яамны 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй  Монголын багш нарын VII их хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд эхэллээ. Дээд боловсролын салбараас 70, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас 40, нийслэл болон аймаг орон нутгийн цэцэрлэг, сургуулийн багш нараас 400, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, олон улсын болон төр, төрийн бус байгууллагуудаас урилгаар 90 төлөөлөгч оролцож байгаа энэ хурал хоёр өдөр үргэлжлэх юм.

Монголын багш нарын VII их хурлын нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигаар зарим багшид Монгол Улсын төрийн дээд шагнал Ардын болон Гавьяат багш цол хүртээж байгааг зарлан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулаа. Энэ үеэр Ерөнхий боловсролын зөв төлөвлөлт, оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн зөвлөх багш Гончигийн Лхаахүүд Монгол Улсын Ардын багш цол хүртээв. Мөн Нийслэлийн Тусгай боловсролын 55 дугаар сургуулийн багш Чулуунбаатарын Ганбилэг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Галсаагийн Гүндэгмаа, Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн ахмад багш Пэрэнлэйн Дулмаа, Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн ахмад багш Гончигийн Дуламжав, Мэргэжлийн боловсролын сургалтын үндэсний арга зүйн төвийн захирал Сэнгээгийн Цээпил, Архангай аймгийн Эрдэнбулган сумын хүмүүн цогцолбор сургуулийн багш Магсарын Шагдарсүрэн, ШУТИС-ийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн багш Алтангэрэлийн Эрдэнэбаатар нарт Монгол Улсын гавьяат багш цолыг тус тус хүртээлээ. Багш нарын цол тэмдгийн Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж үг хэлэхдээ “Монголчууд үеэс үед багшийг хүндлэн дээдэлж ирсэн. Монголын ирээдүй хойчийг ёс суртахуунтай, эрдэм мэдлэгтэй, өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэдэг эх оронч, нийт иргэншлийн үнэт зүйлсийг хүндэтгэдэг дэлхийн иргэн болгон төлөвшүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж яваа эрхэм хүмүүс бол багш та нар билээ.

Монголын мянга мянган багш нарынхаа өдөр тутмын тасралтгүй их хөдөлмөр, соён гэгээрлийн ажил, ирээдүй хойчийнхоо өмнө байгуулж буй гавьяаг төлөөлүүлэн, зарим багш нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Ардын болон Гавьяат багш цолоор шагнаж, нийт багш нарынхаа өмнө, энэ өдөр хөдөлмөр бүтээлийг нь зүй ёсоор үнэлж байгаадаа туйлын баяртай байна. Баяр хүргэе.

Монголын сурагч багачууд өнгөрсөн онд Олон Улсын физик, математик, биологийн олимпиадаас 3 мөнгө, 8 хүрэл медаль, 3 тусгай байр, хими, мэдээлэл зүйн олимпиадаас 3 хүрэл медаль хүртэж, анх удаа Олон Улсын математикийн олимпиадад оролцсон Монголын багийн бүх гишүүд медальтай ирсэн түүхэн амжилтын цаана багш нарын хөдөлмөр, зүтгэл байгаа. Манай хүүхэд, залуучууд ой тогтоолтын спортоор дэлхийн рекордыг 30 удаа, Гиннесийн рекордыг 3 удаа тогтоож, олон улсаас медаль, цом 900 гаруйг авч, олон улсын их мастер цолтон 40 гаруй төрж чансаагаараа дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэж байна. Энэ бол бас л багш та бүхний хөдөлмөрийн үр дүн.

Гэсэн хэдий ч өнөөгийн боловсролын салбарт шийдвэрлэгдээгүй асуудал, суурь бэрхшээл дэндүү их байна. Бүхэлд нь авч үзвэл Монголын боловсролын салбарын хөгжил цаг үеийнхээ шаардлагад нийцэхгүй, нийгмийн эрэлтэд зохист хариуг өгч чадахгүй түвшинд хүрчээ. Хүний нөөц бэлтгэхэд салбар хоорондын уялдаа муу, боловсролын салбарын бодлогын залгамж чанар, тогтвортой байдал алдагдсан, улс төрөөс хэт хамааралтай болсон нь бүх доголдлын уг шалтгаан юм. Боловсролын салбарынхан яам, түүний харьяа байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтсийн албан хаагчид, бүх шатны сургууль цэцэрлэгийн багш, ажилтнууд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхийн оронд дээд шатны байгууллагаас тасралтгүй буулгаж буй улс төрийн үүрэг даалгаврыг биелүүлэхэд хамаг цаг, хүчээ барж, ямар ч хэрэгцээгүй давхардсан олон тайлан, тооцоо гаргах, төрийн болон төрийн бус байгууллагаас сонгуульд эртнээс бэлтгэх агуулга бүхий тэмцээн, уралдаан, олныг хамарсан ажилд нухлагдан, ажлын байрны хиймэл ачаалалд дарагдаж байна

/Мэргэжлийн боловсрол/ 

Мэргэжлийн боловсролд олон жилийн турш санаа тавьж, шийдэл гаргахаар эрмэлзэж ирсний хувьд өнөөдөр эргээд харахад төр, хувийн хэвшлийн 86 мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад 4624 багш ажилтан ажиллаж, 37 мянган суралцагч 16 салбарын 200 гаруй мэргэжлээр суралцаж байгаа юм байна. Нийт төгсөгчдийн 62,3 хувь нь төгсмөгцөө ажлын байртай болж байгаа нь олзуурхууштай баримт мөн. Мэргэжилтэй ажилчны хэрэгцээ маш их байна. Улс оронд хөгжил дэвшил авчрах бүтээн байгуулалтыг мэргэжлийн ур чадвартай, бүтээлч, хариуцлагатай ажилчид л гардан гүйцэтгэнэ. Тийм учраас мэргэжлийн боловсрол сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан дэлгэрүүлэх нь нэн чухал зорилт юм. Цаашид их дээд сургуулиудыг чанаржуулах, нэгтгэх замаар тоог цөөлж, мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчдын тоог нэмэгдүүлэх бодлогыг тууштай баримтлах хэрэгтэй. Мэргэжлийн боловсрол сургалтын хөгжилд нийгмийн түншлэлийн үүрэг, нөлөө, хамтын ажиллагаа онцгой чухал байна. Нэг талаас багш-суралцагч-төгсөгч төвтэй, нөгөө талаас ажил олгогч-үйлдвэрлэлийн дадлага-хөдөлмөр эрхлэлтийг хослуулан дэмжсэн төрийн бодлого шаардлагатай.

/Их, дээд сургууль/

Хүн амын тоотой харьцуулахад хэт олон их, дээд сургууль, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээс давсан, зөрсөн мэргэжилтнүүд бэлтгэж, ажилгүй иргэдийн тоог нэмэгдүүлж, дээд боловсролын нэр хүндийг унагаж, улс орны хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа дүр зургийг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Дээд боловсролын тогтолцоо, агуулга, стандартыг сайжруулж, олон улсад өрсөлдөх чадвартай, олон улсын жишигт нийцсэн үндэсний хэмжээний цөөн дээд сургуультай болох зорилтыг дэвшүүлье, хэрэгжүүлье. Нийслэл хотын даац хэтэрч, бохирдол, түгжрэл, ажилгүйдэл, ядуурлын уурхай болж байгаа сөрөг үзэгдлийг саармагжуулах нэг шийдэл нь их, сургуулиудыг хотхон хэлбэрээр нийслэлээс зайдуу байршуулах, орон нутаг дахь их, дээд сургуулиудыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж, төрийн бодлогоор дэмжих шаардлагатай байна.

/Тусгай хэрэгцээт боловсрол/

Тусгай хэрэгцээт боловсролын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжих хэрэгцээ, сурах онцлогийг дэмжсэн, ялгаатай байдлыг хүндэтгэсэн сургалтын болон тохируулгат орчин, хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл дутмаг, багшийн арга зүйг дэмжих ажил хангалтгүй байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамран сургахад хүндрэл учруулж улмаар хүүхдийн хөгжих, сурах эрх зөрчигдөж байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамран сургах тогтолцоог бэхжүүлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад дэмжлэг үзүүлэх бүтцийг бий болгох, хүүхдийн хөгжих, сурах онцлогийн талаарх мэдлэг, ойлголт, эерэг хандлагыг бүх багш, эцэг эхэд төлөвшүүлэхэд анхаарч ажиллахыг бас хүсэж байна.

Хөгжил дэвшил гэдгийг юуны өмнө хүний хөгжил, боловсролтой холбон ойлгодог болсон өнөө үед “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д тусгасан насан туршийн боловсролын тогтолцоо бүрдүүлэх зорилгоо хэрэгжүүлэх нь чухал байна. Иргэд тасралтгүй, насан туршдаа суралцах нөхцөл боломжийг хангахын тулд боловсролд зарцуулах санхүүжилт, эрх зүйн орчныг сайжруулах, салбар хийгээд салбар дамнасан зохицуулалтын механизм, уялдаа холбоог оновчтой болгох нэн тэргүүний шаардлага бидний өмнө тулгамдаж байна” гэлээ.