Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Батбаяр С.Зориг агсны амийг хөнөөсөн байж магадгүй хоёр хүнийг хэрэг гардаг орой машинаараа хүргэж өгсөн талаараа мэдээлэл хийж, нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд цацлаа. Тус нэвтрүүлгээр С.Зориг агсны хэрэгтэй холбоотой маш ноцтой баримтуудыг ярьсан юм. Түүний яриаг бүрэн эхээр нь уншигч танд хүргэе.
Ё.Батбаяр: Ерөний прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатын оролцсон “Цензургүй яриа” нэвтрүүлгийг үзлээ. Ямар ч нотлох баримт дэлгэж тавьсангүй. Өөрөө хэрэгт холбогдох гэж байгаа хүн үнэхээр энэ хоёр хүн алуурчин мөн юм байна гэж бодогдуулмаар том нотлох баримт гаргах байх гэж бодсон ч тэгсэнгүй. Д.Содномдаржаагийн эхнэрийн “2004 онд” гэж ярьсан яриаг баримт болгож байгаа нь Улсын Ерөнхий прокурорын орлогч байсан хүн гэхэд үнэхээр ядмаг баримт байлаа. Мессеж бичиж эхэлсэн үеэс эхлэн Б.Содномдаржаагийн эхнэр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байсныг Г.Эрдэнэбат мэдэхийн дээдээр мэднэ. Мэдсээр байж яагаад хүмүүсийн толгойг эргүүлэх гэж байгаа мэт андуурсан байж болох “2004 он” гэж ярьсан бичлэгийг гаргаж байна вэ гэдгийг би ойлгосонгүй. Үүнээс өөр баталгаатай нотлох баримт гаргасан бол өөр хэрэг байлаа. Жирийн иргэн болсон учраас нотлох баримт авчирсангүй гэж ярьж байх юм. Энэ нь үнэхээр нотлох баримт байхгүй байгаагийн шинж гэж хувьдаа үзэж байна. Тиймээс би С.Зориг агсны хэргийг шийдвэрлэхэд нэмэр болох болов уу гэсэн үүднээс нэгэн мэдээллийг хийх гэсэн юм. Энэ мэдээллийг хийх эсэхийг би олон сар, жил бодож явлаа. Учир нь миний ярьсан энэ зүйл гэр бүлд минь туйлын аюултай байж болзошгүй учраас болгоомжтой хандаж байгаа. Гэхдээ болгоомжиллоо гээд гэмгүй хүмүүсийг тамлан зовоож, эрүүдэн шүүж байгаа явдлыг хараад сууж чадсангүй. Энэ хэрэг илрэхэд тун ойртсон гэж бодож байна. Энэ мэдээллийг би өмнө олон удаа зохих байгууллагад ярьсан боловч тоолгүй өнөөдрийг хүрсэн. Харин нэгэн цагдаагийн зүгээс “Энэ хэрэг чиний амь насанд аюултай учраас мартсан дээр шүү” гэж нөхрийн журмаар зөвлөж байсан юм. Сүүлд 2013 онд цагдаагийн төв байранд очиж энэ мэдээллийг өгч байсан. Ойлгомжтой болгох үүднээс би болсон үйл явдлыг эхнээс нь ярья.
С.Зориг агсны хэргийг шалгаж байгаа хүмүүстэй олон удаа холбогдох гэж оролдсон ч тэд тоогоогүй
Одоогоос 21 жилийн өмнө буюу 1998 онд би 24 настай, гэр бүлтэй болчихсон байсан. Том охин маань ой гарантай байсан юм. Тэр үед би өөрийн гэсэн жижиг машинтай, хувиараа жижиг бизнес эрхэлдэг байлаа. 1996 онд сургуулиа төгсөөд Шведийн “Эй Би Би” гэх компанид өндөр цалинтай ажил хийдэг байсан юм. Энэ компани тухайн үед “ТЭЦ-3”-ын турбины шинэчлэлийн төсөл дээр ажиллаж байсан. Манай төслийн удирдагч монгол бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд төсөл дуусмагц бүгд нутаг буцсан. Төслийн удирдагч Иорины эхнэр н.Шүрээ 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр надтай , амралтаараа Монголд ирсэн байгаагаа дуулгаж, маргааш буцах учраас өнөө орой уулзъя гэсэн юм. Бид хамт ажиллаж байсан н.Ариунаа гэх бүсгүйтэй гурвуулаа уулзаж, Улаанбаатар рестораны замын эсрэг талын бааранд орсон. Би машинтай явсан учраас согтууруулах төрлийн зүйл хэрэглээгүй бөгөөд бид гурав нэлээд удаан ярьж суусны дараа 22:00 цаг өнгөрч байхад би түрүүлээд явсан юм. Машинаа Улаанбаатар рестораны урд тавьсан байсан. Манайх төмөр замд байсан учраас би төв замаар явж байгаад Төв шуудангаар зүүн эргэж Маршл Чойбалсангийн өвлийн өргөөний замаар явж байсан юм. Гэтэл замын эсрэг талаас хоёр иргэн гүйж гарч ирээд, миний машины урдуур орж, машиныг зогсоон хүргэж өгөхийг гуйсан. Харахад маш их сандарсан байсан бөгөөд тухайн үед би ойр дотных нь хүний бие муудаад сандарсан хүмүүс явж байгаа юм байна гэж бодсон. Хаана очихыг нь асуухад хорооллын эцэст очно гэсэн. Машинд явж байхдаа тэр хоёр маш их сандарсан байдалтай байсан бөгөөд эрэгтэй нь эмэгтэйгээсээ “Одоо яанаа, яах юм бэ” хэмээн асууж, эмэгтэй нь түүнийг тайвшруулсан байдалтай байсан. С.Зориг агсны хэргийн дараа сонин хэвлэлээр гарч байсан хоёр этгээдийн аман зурагтай миний машинд суусан хоёр хүн маш ойролцоо байсан юм. Эмэгтэй нь бадриун биетэй, урт хар савхин хүрэмтэй байсан. Эрэгтэй нь дан хувцастай байсан шиг санаж байна. Тэр хоёр зургадугаар бичил хороололд буух гэснээ болиод гуравдугаар хорооллын эцсийн дэнж дээрх ногоон байрны гадна буусан. Буусан газраа мэдэгдүүлэхгүй гэж буух газраа биш гуравдугаар хорооллын эцэст буусан байж ч болох юм. Тухайн орой би зурагт үзээгүй учраас юу ч мэдээгүй. Маргааш нь юу болсон талаар сонссон. Тухайн үед телевиз, радио, бусад хүмүүсийн ярьж байснаар энэ нь захиалгат улс төрийн аллага болсон гэж байсан учраас би үнэхээр айдастай болсон байсан. Тийм учраас би мэдэж байгаа зүйлээ шууд яривал надад аюултай гэж бодоод яриагүй юм. Тухайн үед энэ талаар яриагүй нь ч зөв байсан байж гэж одоо боддог. Энэ талаар хэлсэн бол одоо би үүнийг яриад сууж байхгүй ч байж мэдэх байсан. Яагаад гэвэл хэрэг гарсан орой С.Зориг агсны орцонд байсан хоёр хүний нэг нь хутгалуулж амиа алдсан байдаг юм билээ. Би буцах хаяггүйгээр олон удаа захиа бичиж, цагдаагийн байгууллага руу явуулж байсан. С.Зориг агсны хэргийг шалгаж байгаа хүмүүстэй олон удаа шууд болон шууд бусаар холбогдох гэж оролдож байсан. Би 2007 онд АНУ-д гэр бүлийн хамт телевизийн шугамаар ирсэн байдаг. 2007 оноос хойш ч гэсэн АНУ-д ажил хэргийн шугамаар явж байгаа цагдаагийн байгууллагынхан болон С.Зоригийн хэрэгтэй холбоотой нэгэн хүнтэй уулзаж, мэдээлэл өгч байсан.
С.Зоригийн хэргийн талаар мэдүүлэг өгсөн өдөр Ц.Элбэгдорж яаралтай, хаалттай хуралдаан зарласан
Ингээд 2012 оны есдүгээр сарын 18-ны өдөр би Ерөнхийлөгчийн тамгын газрын Олон нийттэй харилцах албаны даргаар томилогдсон. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан юм. 2012 оны арваннэгдүгээр сарын сүүлээр Ерөнхийлөгчийн тамгын газарт хамт ажилладаг нэгэн залууд С.Зоригийн хэргийн гэрч байж магадгүй талаараа ярьсан. Гэтэл 2013 оны нэгдүгээр сарын 17-нд ЦЕГ-аас надруу залгаж, хоёр сэжигтэнг буулгасан газраа зааж өг гэсэн. Би өөрийн жолоочийн хамт сэжигтэнг буулгасан газраа очиж, цагдаагийн байгууллагад зааж өгсөн. Ингээд намайг Цагдаагийн төв байранд очиж мэдүүлэг өгөхийг хүссэн байдаг. Цагдаагийн төв байранд надаас цаг гаруйн хугацаанд мэдүүлэг авсан. Мэдүүлэг өгчихөөд төрийн ордны зүүн хаалгаар орох гээд очтол, надаас байцаалт авч байсан цагдаа Ерөнхийлөгчтэй уулзах гээд зогсож байсан. Тухайн үед би надтай ярьсан яриагаа Ерөнхийлөгчид танилцуулсан болов уу гэж бодсон юм. Үүний дараа удалгүй, тухайн өдөр Ерөнхийлөгч яаралтай хаалттай хуралдаан зарлаж, төрийн ордонд байсан бүх сэтгүүлчдийн гаргасан. Бүр сүлжээ унтраах төхөөрөмж байршуулж, гар утасны болон интернет сүлжээг байхгүй болгож байсан. Мөн чуулганд оролцож байсан УИХ-ын гишүүдийн гар утсыг хураан авсан гэх яриа ч байдаг. Намайг мэдүүлэг өгсний дараа зарласан хаалттай хуралдаанаар ямар асуудлыг ярьсаныг би мэдэхгүй. Гэхдээ миний таамгаар бол тухайн өдөр С.Зориг агсны хэргийг хаасан болов уу гэж боддог. Учир 2015 онд С.Зориг агсны дүү С.Оюун телевизээр мэдээлэл өгөхдөө энэ хэргийг дахин нээж, шалгуулмаар байна гэсэн хүсэлтийг УИХ-ын дэд даргад тавьж байгаагаа мэдэгдсэн.
Намайг өдөр шөнөгүй хүмүүс тагнаж байсан
Ингээд 2013 оны дөрөвдүгээр сард Ц.Амгаланбаатарыг гэрээр нь оруулсан байдаг. Өөр хүн амины хэрэг хүлээлгэх гэж тухайн үед гэрээр нь оруулсан юм байна гэж Ц.Амгаланбаатарын ээж ярьсан байдаг юм билээ. 2013 оны зургадугаар сард Ц.Амгаланбаатар өргөж авсан ээжтэйгээ холбогдон эмнэлэгт хэвтсэн тухайгаа дуулгасан байдаг. Мөн хоёр сайн ахтай болсон талаараа ээждээ энэ үед хэлсэн байдаг. Тэрхүү хоёр сайн ах нь Тагнуулын газрын ажилтан байсан бөгөөд одоо Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр шалгагдаж байна. Ингээд 2013 оны сүүл, 2014 оны эхээр Б.Содномдаржаа болон, Т.Чимгээ нарын гар утсанд мессеж явуулдаг болсон байдаг. Энэ нь ямар мэссеж байсан талаар та бүхэн сайн мэдэж байгаа байх. Гэтэл Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо Б.Содномдаржаагийн эхнэрийн телевизэд өгсөн ярилцлагын нэгхэн хэсгийг тайрч аваад үзүүлж байна билээ. Тэр бүсгүй 2004 онд гэж андуурч хэлсэн байж болно. Гэтэл Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарын гар утсанд ирж байсан мессежүүдийг тэдний ах дүү нар хэвлэлийн хурал хийхдээ он, сар, өдөртэй нь мэдээлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Г.Эрдэнэбат прокурор энэ талаар мэдэхгүй байна гэж байхгүй. Мэдэн будилж, хүмүүсийн толгойг эргүүлэх гэж байгаа мэт 2004 онд гэж байгаа биз дээ. 2004 онд ийм мессеж явуулж байсан байна гэж хүмүүсийн толгойг эргүүлэх гэж байна билээ. Эдгээр хүмүүсийг С.Зоригийн аллагад холбогдуулах шийдвэр 2004 онд гарчихсан байсан талаар Ц.Нямдорж сайд хэлсэн. Надад энэ бүх хугацаанд Ерөнхийлөгчийн тамгын газар ажиллах үнэхээр эрсдэлтэй санагддаг байв. Миний араас өдөр шөнөгүй хүмүүс тагнаж байгаа нь мэдэгддэг байсан юм. Манай орцны үүдэнд өвлийн хүйтэнд ч гэсэн өдөр шөнөгүй асаалттай машин зогсдог байсан. Тухайн үед миний гэр бүлийнхэн АНУ-д байсан. Монголд би ганцаараа байсан учраас маш эрсдэлтэй байв. Ингээд энэ ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, мэргэжилтэйгээ ойрхон ажил хиймээр байна гэх хүсэлтийг өгснөөр намайг МҮОНРТ-ийн дэд захирлаар томилсон. Ингээд 2013 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр МҮОНРТ-ийн дэд захирлаар очсон байдаг.
Ц.Элбэгдорж зам тээврийн осол хийгээд АНУ-д Батсайхан, Оюунсүрэн нарынд бүгэж байсан
2014 оны аравдугаар сарын 22-27-ны өдрүүдэд Хятадын Макаод зохион байгуулсан Азийн телевизүүдийн холбооны уулзалтад би ерөнхий захирал Наранбаатарын хамт оролцсон юм. Макаод байх хугацаандаа Наранбаатарт дээрх мэдээллийг ярьснаас гадна Ц.Элбэгдоржтой холбоотой нэгэн мэдээллийг задалсан. Энэ мэдээлэл нь 2007 онд Ц.Элбэгдорж Өвөрхангай аймагт зам тээврийн осол гаргачихаад АНУ-д Батсайхан, Оюунсүрэн гэх гэр бүлд очиж хэсэг хугацаанд бүгсэн талаарх мэдээлэл байсан юм. Зүв зүгээр явж байгааг сонсоод миний хувьд үнэхээр их гайхсан. 2007 оны долдугаар сарын 11-нд АН-ын дарга Ц.Элбэгдорж УБЦ0024 улсын дугаартай машинтай Өвөрхангай аймагт явж байгаад авто осолд орсон байдаг. Ослын үед Ц.Элбэгдоржийн жолоочоор олон жил ажилласан н.Баярсайхан амь үрэгдсэн юм. Хамгийн хачирхалтай нь Ц.Элбэгдоржийн төрийн хамгаалалтыг осол болохоос гурав хоногийн өмнө буулгасан байсан. Ингэснээр байнга хамт явдаг байсан бие хамгаалагчид нь байхгүй болсон үед энэ осол гарсан нь эргэлзээ төрүүлдэг. Ослын дараа Ц.Элбэгдоржийг нисдэг тэргээр Гэмтлийн эмнэлэгт авчирсан бөгөөд тархиндаа хүнд гэмтэл авсан талаар тухайн үеийн хэвлэл, мэдээллээр ярьж байсан. Өмнөд Солонгос руу явсан гэх боловч хаашаа явсныг нь хэн ч мэдээгүй. Зарим хэвлэлээр АНУ-ын Гуамин арал дахь цэргийн эмнэлэгт хүргэгдсэн гэж бичдэг байв. Гэвч Ц.Элбэгдорж толгойдоо гэмтэл аваагүй бөгөөд АНУ-ын жижиг хотод байдаг Батсайхан болон Оюунсүрэн гэх айлд хэсэгтээ бүгсэн байдаг. Яагаад бүгсэн гэж хэлж байна вэ гэхээр Ц.Элбэгдорж “Энэ хэрэг намжтал би танайд байя. Миний тухай гарч байгаа мэдээллийн дор та хоёр надад эрүүл энхийг хүссэн, дэмжсэн сэтгэгдлүүдийг бич” гэж байсан тухай яриа байдаг юм байна билээ. Эргэлзээ төрүүлээд байгаа нэг зүйл нь талийгаач н.Баярсайханы охиныг Ц.Элбэгдорж өөрийн нэр дээр өргөж аваад АНУ-д сургуульд сургасан байдаг. Талийгаач н.Батсайхан гол баримтыг мэддэг хүн байсан ч байж магадгүй гэж би хувьдаа боддог юм. Энэ талаар би Наранбаатар захиралд хэлсэн. Наранбаатар захирлыг би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй маш ойр байж, өдөр бүр утсаар ярьдагийг нь мэдэх учраас түүнийг энэ талаар Ц.Элбэгдоржид хэлэх байх гэж албаар хэлсэн юм. Үүнийг сонсоод ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэдэг нь чухал байсан. Би Макаогоос буцахдаа Солонгост сурч байсан охинтойгоо уулзаад, Сөүлд хоёр хоносон. Харин Наранбаатар надаас өмнө Монголд ирсэн юм.
Миний өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан байсан
2014 оны арваннэгдүгээр сарын 01-д ажилдаа очихол миний өрөөний хаалганы цоож гацаатай болсон байсан. Өрөөндөө орохын тулд мужаан дуудан хаалганы цоожыг эвдүүлсэн юм. Миний өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь илт байсан. Өрөөнд байсан кофег уусны дараа миний бие муудаж эмнэлэг дуудсан. Эмнэлэгээс хүн ирээгүй учраас такси бариад түргэн тусламжийн газарт очиж байсан. Эмнэлэгт очиход зүрхний цохилт муудаж, даралт өгссөн байдалтай байсан учраас тариа тариулж цаг гаруй хэвтээд харьсан. Дараа нь анзаарч байхад миний өрөөг цэвэрлэдэг байсан цэвэрлэгч бүсгүй ажилдаа ирэхгүй болчихсон байсан. Хүмүүсээс асуухад өвчтэй байгаа гэж байв. Хэд хоногийн дараа цэвэрлэгч бүсгүй ажилдаа ирэхэд нь биеийг нь асуухад нүдэнд нь ус гүйсэн, ядруухан харагдаж байсан. Үүнээс хойш би өрөөндөө цэвэр ус, кофе уухаа больсон. Ингээд би энэ газар удаж болохгүй юм байна гэж ойлгоод өөрийн гэсэн бүх зүйлээ гэр рүүгээ зөөсөн юм. Үүнийг манай жолооч залуу гэрчлэх байх. Арваннэгдүгээр сарын эхээс эхлэн юмнуудаа зөөж эхлэхэд жолооч залуу гайхаж, яагаад юмнуудаа зөөгөөд байгаа юм бэ гэж асууж байсан. Манай гэрийн бүргэд хаалганы гурван нугасны голын нугасыг тайлж авсан байсныг сүүлд харсан. Авсан хэсэг ямар ч шороо тоос байхгүй байгаагаас харахад аваад удаагүй байгаа нь илт байсан. Ингээд Макаогаас ирээд сарын дараа буюу 2014 оны арванхоёдугаар сарын 08-ны өдөр Наранбаатар намайг ажлаас чөлөөлсөн юм. Ажлын өрөөнд миний гэх зүйл байгаагүй учраас гарч явах замдаа Наранбаатартай таарч “надад болоод гэр бүлд минь ямар нэг таагүй зүйл тохиолдох юм бол чамтай ярина шүү. Макаод ярьсан яриа надад бичлэгээрээ байгаа” гэж хэлсэн. Наранбаатарын царай барайгаад “Би хэнд ч хэлээгүй шүү дээ” гэсэн. Миний Наранбаатарт ингэж хэлсэн нь одоо бодоход маш зөв зүйл болсон байдаг. Ингэж хэлснээр өнөөдрийг хүртэл би амьд яваа ч байж болох юм. Ингээд 2015 оны хоёрдугаар сарын 04-нд намайг ажилд эргүүлэн авах шүүхийн захирамж гарч, н.Оюундарь захирал над руу залган “ Чамайг ажилд чинь эргүүлэн авах боломжгүй болчихлоо. Дээрээс чамайг битгий ав гэсэн. Чи өөрөө ажлаа өгөх хүсэлтээ өөрөө гаргачих” гэсэн. Ингээд намайг МҮОНРТ-ийн захирлаар эргүүлэн аваад, тухайн өдөр би өргөдлөө өгөөд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. АНУ-руу явах нь хамгийн зөв гэж эртнээс бодсон учраас энэ талаар надад ямар нэг төвөг гараагүй. Шууд л ажлаа өгсөн. 2014 оны сүүлээр миний эхнэр хүүхдүүд Монголд амьдаръя гээд ирчихсэн байсан. Гэтэл би ажилгүй болсон, нөхцөл байдал эрсдэлтэй байсан учраас эхнэр охин хоёроо яаралтай АНУ-руу буц гээд явуулсан. Мөн Солонгост сурч байсан охиноо сургуулиа хаяад бушуухан АНУ-руу очоод ээж, дүүтэйгээ байж бай. Аав нь удахгүй очно гэсэн юм. Намайг Макаогоос ирснээс хойш АНУ-руу явах хүртэл гурван сарын хугацаанд бид гэртээ хоол хийж идэхээс хүртэл айдаг болсон. Байнга гадуур хооллож байсан. Би 2015 оны дөрөвдүгээр сарын эхээр АНУ-руу эхнэр, хүүхдийнхээ араас очсон юм. Явахаасаа өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзахыг хүссэн боловч чадаагүй. Ц.Элбэгдоржийн осолд орсон үед Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан учраас асууж, тодруулах зүйл байсан. МАХН-д өндөр албан тушаал хашдаг, миний олон жилийн өмнөөс таньдаг хүнтэй уулзаад эдгээр бүх зүйлийг ярьж, Н.Энхбаяр даргатай холбож өгөхийг хүссэн юм. Тэрбээр Н.Энхбаяр даргатай уулзаад, хариу өгье гэсэн боловч холбоо бариагүй. Энэ бичлэгийг хийхийн өмнө нөгөө залуутай холбогдож, Н.Энхбаяр даргад дуулгаарай гэсэн зүйлийг хэлсэн үү гэж асуухад “Юу ч дугараагүй” гэсэн хариуг өгсөн. 2015 онд Б.Содномдаржаатай тагнуулын ажилтан дэлгүүрт шалтаг гарган зодоон хийсэн байдаг.
М.Энх-Амгалан прокурор С.Зоригийн хэргийн ажлын хэсгийн анхы ахлагч
Онцлон хэлэхэд, 2015 оны эхэн үеэс эхлээд тагнуулын ажилтнууд Б.Содномдаржаад шалтаг гарган хэрэг үүсгэж эхэлсэн байдаг. 2015 оны хоёрдугаар сарын 15-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Улсын Ерөнхий прокуророор М.Энх-Амгаланг томилсон. М.Энх-Амгалан С.Зориг агсны хэргийн ажлын хэсгийн анхны ахлагч байсан гэдгийг хэлмээр байна. С.Зоригийн хэрэгт ажиллаж байсан хүмүүс яагаад өндөр албан тушаалууд авсан бэ гэдэг нь эргэлзээ төрүүлсэн хэвээр байгаа юм. 2015 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Б.Содномдаржаад эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. 2015 оны дөрөвдүгээр сарын 13-нд би АНУ-аас Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн дугаар болох 88551309 гэсэн утас руу мэссеж бичсэн. Мессежид “ Сайн байна уу. 2007 онд Өвөрхангай аймагт осолд орсны дараа АНУ-ын нэгэн хотод айлд ирж, хэсэг хугацаанд хэрэг намжтал байсан юм байна. Үнэн үү Ерөнхийлөгч өө. Батбаяр” гэж бичсэн байдаг юм. 2013 оны дөрөвдүгээр сарын эхэн үед энэ мессежийг бичсэн байдаг. Гэтэл 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хэрэг үүсгэсэн. 2015 оны тавдугаар сард Т.Чимгээгийн ээжийн хашаанд цогцос хаясан байдаг. Эндээс уг ажиллагаа тавдугаар сараас илт ширүүн байдалд орсон нь харагдаж байгаа юм. 2015 оны наймдугаар сарын сүүлээр Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарыг баривчилсан. Ингээд 2015 оны есдүгээр сарын 01-06-ны өдрүүдэд тамлан зовоож байгаа бичлэгийг УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн. Улмаар Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарыг С.Зориг агсныг хөнөөсөн хэмээн ял оноосон билээ. Үүнийг би ямагт худал гэж бодож ирсэн. Би 2016, 2017 онуудад АНУ-аас цуврал нэвтрүүлгүүд явуулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ нэвтрүүлгээрээ би гэрч байж магадгүй, хоёр хүнийг машинаараа буулгасан гэсэн агуулгыг хөндсөөр байсан ч хэн ч анзаараагүй. Би тэр хоёр хүнийг машинаараа хүргэж өгсөн, өнгөрсөн бүх хугацаанд өрнөсөн бүх үйл явдлыг яагаад өдийг хүртэл хэлээгүй юм бэ гэж надаас олон хүн асуух байх.
Нэгдүгээрт, Цаг хугацаа нь болоогүй байсан. Магадгүй яг одоо хэлэх цаг хугацаа нь мөн... Одоогоос 5-6 жилийн өмнө үүнийг хэлсэн бол надад хэн ч итгэхгүй байсан. Ц.Элбэгдоржтой холбож ойлгоод байсан.
Хоёрдугаарт, Магадгүй би тэр үед энэ хэргийг хэлсэн бол амь нас маань эрсдэх байсан байж магадгүй.
Миний хийсэн судалгаагаар нийт оролцсон хүмүүсийн 99,9 хувь нь "Ц.Элбэгдорж энэ хэрэгт оролцоотой байж магадгүй" гэсэн хариуг өгсөн.
Намайг буруутгахаас илүү зөвөөр ойлгож хүлээж аваасай. Шинэ прокурортой болсон тул энэ хэрэг нааштай шийдэгдэх байх.
Намайг яагаад устгаагүй юм бэ?
Манай гэр бүлийн гишүүн АНУ-д байсан. Тэр хэргийг давхар мэдэж байгаа учраас намайг устгавал олон улсын байгууллага гэх мэтэд хандаж, хэргийг улам задлах магадлалтай.
Миний бие АНУ-ын олон улсын хэвлэлийн хүрээлэнгийн гишүүн сэтгүүлч тул олон улсын анхааралд өртөх вий гэсэн таамаг бас бий.
Энэ бүхнээс болж би 2013 оноос хойш байнгын айдас хүйдэстэй амьдарч байна. Цаг арай нааштай эргэж байгаа байх гэж би бодож энэ мэдэгдлийг өнөөдөр хийж байгаа юм. Шүрээ болон Ариунаа нар энэ бичлэгийг үзсэн бол надтай холбогдоорой гэж хэлье.