ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Эрдэнэ, У.Хүрэлсүх нар эдгээр хүмүүсийг ч намаасаа хөө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-31

Нэн түрүүнд энэхүү нийтлэлийг хэн нэгний эрх ашгийг хамгаалж бичээгүй гэдгээ мэдэгдье. Тэр дундаа 40 насны босго давчихсан атлаа өсвөр насны хөвгүүн аятай олон нийтийн газар овлигогүй аашилсан, улстөрчийн учир битүүлэг үхэлд буруу мэдүүлэг өгсөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өмгөөлөх, өмөөрөх санаа агуулсангүй. Өндийлгөж босгосон намаа өдөр бүхэн “өшиглөж”, өөрөө харин нэр алдарт хүрсэн Ж.Батзандан тэргүүтнийг ч хамгаалах бодол алга. Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар арилжаалсан Ц.Сандуй тэргүүтний тухай дурсаад ч хэрэггүй байх.

Гэвч, улс төрийн намууд дотооддоо хариуцлагын тогтолцоотой болохыг тэгтлээ их хүсч л байгаа юм бол тэр дүрэм, журам нь яагаад Н.Номтойбаяр, Ц.Сандуй, А.Ганбаатар, С.Мөнхчулуун, С.Баярцогт, Ж.Батзандан гэсэн хэдхэн хүнд үйлчлэх ёстойг хөндөхийг хүслээ. “Хууль хүн бүхэнд адил тэгш үйлчлэх ёстой” гэсэн энгийн логикийн дагуу улс төрийн намын баталсан дүрэм ч намын гишүүн бүхэндээ адилхан үйлчлэх ёстой баймаар. 

Эрх баригч МАН-ынхан дүрмээ шинэчлэн баталсныхаа дараа “60 тэрбум”-ыг санаачилж, намын нэр хүндийг унагасан Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг намаасаа хөөсөн. Мэдээж энэ шийдвэрийг олон хүн талархан хүлээж авсан билээ. Гэвч, түүнийг санаачлах үүрэг даалгавар өгсөн, сонсоод бүр дэмжиж суусан М.Энхболдоо яагаад хамгаалж үлдсэн юм бэ, намын дарга аа. Тэр хүнд Ардын намын гишүүн гэж дуудуулах өчүүхэн ч нэр хүнд үлдээгүй санагдах. УИХ-ын гишүүн атлаа олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй гэж Н.Номтойбаярыг намаас хөөчихлөө.

Тэгвэл зо­доон хийх байтугай хүчин хий­чих­сэн Д.Гантулга өнөөд­рийг хүртэл Ардын намын ги­шүүн хэвээр явж байгаа нь ариун явдал уу. Хаана байна шу­дар­га ёс чинь. Намын дүрэмд “зо­доон хийвэл хөөнө, хүүхэн хүчинд­вэл үлдээнэ” гэсэн дүрэм бай­даг­гүй байлгүй дээ. Намын нэр хүн­дийг Н.Номтойбаяраас ч илүү унагаж, үеийн залуутай зодол­дох байтугай улс дамжиж шив­шиг болгосон Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр бас хариуцлага яримаар байх юм.

Энэ хүн төрийн нэрээр байтугай намын нэрээр ч албан тушаалд очих эрхгүй хүн биз дээ, уг нь. Монгол Улсын дээрээсээ дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх албан тушаалтан атлаа олон нийтийн газар, бүр агаарын тээвэрт архидан согтуурч, бусдын өгзөг илж явсны хажууд Н.Номтойбаяр харин ч цав цагаахан хүн аж.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед албан тушаалаа урвуулан ашигласан долоон концессчин одоо ч танай намд байна. Зарим нь бүр том албан тушаалтан болчихож. Ж.Мөнхбат тэргүүтэй кон­цес­сын наймаачдад хариуц­лага тооцно гэсэн таны үг үнэн бол эдгээр хүмүүсээ ч бас намаас хөөсөн шиг хөөе.

Нэр цэвэр, гар цэвэр сонгуульд ороход хэчнээн сайхан билээ. Жирийн иргэдийн боломжоос хул­гайлж, ЖДҮХС-гийн хэ­рэгт холбогдсон Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг, Л.Энх­болд нарын бүрэн эрхийг яагаад түдгэлзүүлэхгүй авч үл­дэв, та бүхэн. Тэдэнд Ардын намын гишүүн байтугай, ард түмний төлөөлөл ч байх нэр хүнд үлдээгүй. Гэтэл хамгаалж үлдээд зогсохгүй, өнөөдрийг хүртэл намын гишүүнээрээ үлдээж, бүр ирэх сонгуулиар ч тойрог өгөх тухай яриад сууж байна. Энэ тэгээд хариуцлага тооцож буй хэлбэр мөн гэж үү. ЖДҮ авчихаад баригдахаараа төлчихсөн хэмээн булзсан нэр бүхий 20 гаруй гишүүндээ ч хариуцлага яримаар байна.

Аавын хүүг алагчилж байгаа аятай шүүхээр ч нотлогдоогүй хэргийнх нь ч төлөө нэгхэн гишүүнээ золионд гаргаж бай­гаа нь танай намд шударга ёс, хариуцлагын тогтолцоо арай л өөр зарчмаар үйлчлээд бай­гаа юм шиг санагдах болов. На­мын дарга У.Хүрэлсүх танд олон хүн итгэдэг. Би ч итгэж яваа хүмүүсийн нэг.

Эр хүн шиг хэлсэндээ хүрнэ гэсэн ит­гэл рүү харин нулимах вий, та. Нэгэнт л хариуцлагын сэлмээ хуйнаас нь сугалсан юм бол Оюутолгойн луйврын буруутан гэх С.Баярыгаа ч бас намаасаа хөөчих. Ард түмний нэрийг барьж, Ардын намын нэр хүн­дийг унагаж яваа ийм хү­мүү­сээс салсан шиг салж байж л танай нам хүлээн зөв­шөө­рөг­дөнө, таны нэр хүнд ч тэр хэрээр өсөх билээ. “МАНАН” мафийн загалмайл­сан эцэг гэх Т.Бадамжунай­гаас намын­­хаа нэрийг салгаж авах сан.

Удирдах зөвлөлийн шийд­вэ­рийг залуу хүний хувьд сөр­сөн гэх ганцхан үндэслэлээр на­маас гишүүнээ хөөдөг атлаа улсаа хүртэл худалдаж идсэн авлигачдыг намынхаа нэр дор хэдий болтол нуух юм бэ. Угтаа, Н.Номтойбаяр тэргүүтэй эдгээр залуусын асуудал бол дөнгөж эхлэл хэмээн сэтгэж, Ардын нам шинэчлэгдэж байна гэж итгэж сууна, эгэл иргэд чинь. Үүнээс гадна сөрөг хүчин болох Ардчилсан нам ч дүрмийн шинэчлэлийн хүрээнд  хэд хэдэн гишүүнээ хөөсөн.

Оюутолгойн хэрэгт нэр холбогдсон С.Баярцогтоос эхлээд намынхаа эсрэг ажил­ла­сан Н.Алтанхуяг, Ж.Бат­занданг хөөлөө. Тэгвэл яг адил­хан хэрэгт буюу С.Баяр­цогт­той адилхан албан тушаа­лаа урвуулан ашигласан Ч.Сайханбилэгийнхээ толгойг илж суугаа С.Эрдэнэ дарга ч та муухай харагдаж байна.

Намын нэр хүнд гэж ярих ёстой юм бол Н.Алтанхуяг, Ж.Батзандангаас ч илүү Ц.Элбэгдорж танай намыг муухай харагдуулж байна. Дураа хүрэхээр Ардчилсан намын гишүүн болчихдог, дургүйгээ хүрэхээр “Гэр хорооллын хөгжил” хөдөлгөөнийг санхүү­жүүл­дэг, ардчилсан Ерөнхий­лөгчийн­хөө эсрэг өдөр бүхэн нийтлэл туурвиж, гүтгэж суугаа Э.Бат-Үүлээ ч гэсэн намаас бүрмөсөн явуулмаар байх юм. Ингэж байж л танай намд сахилга, хариуцлага тогтжээ гэдгийг хүлээн зөвшөөрч болно. Нам ялахад дуулаад гарч ирдэг атлаа ялагдахад нь өшиглөж байсан олон хүндээ хариуцлага ярь.

Ардчилсан намыг муухай хараг­дуулж авлига, албан тушаа­лын хэрэгт холбогдсон Я.Бат­суурь, Б.Гарамгайбаатар, Н.Бат­баяр нарт ч хариуцлага ярих цаг нь болсон шүү. Сон­гууль хаяанд ирсэн энэ цагт улс төрийн хоёр том намыг дар­галж суугаа С.Эрдэнэ, У.Хүрэл­сүх нарыг зангарагтай, чанар­тай дарга нар хэмээн олон нийт хүлээн зөвшөөрч байгаа. Тэр хүлээлтэд бүрэн нийцэхийн тулд та хоёр хамгийн түрүүнд ав­лигач­даас намаа салгаж, ард түм­ний дунд олж авсан нэрээ хад­галж үлдэх нь чухал байна даа.