ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НДШ-ийг улсаас төлнө, төлөхгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-18

Дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбогдуулан Засгийн газраас долоон төрлийн арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн билээ. Тухайлбал, энэ сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд НДШ-ийг бүх аж ахуйн нэгж компаниудыг бүрэн чөлөөлнө. Мөн зургаан сарын хугацаанд орлогын албан татвар авахгүй. 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдээс ААНОАТ авахгүй бөгөөд бүрэн чөлөөлнө гэх мэт нийт долоон арга хэмжээг авахаар болсон юм. Энэхүү шийдвэрийн талаарх байр суурийг хүргэж байна.

 

Ч.Хүрэлбаатар: Орлого нь буурсан ААН-үүдийн НДШ-ийг төлнө / Сангийн сайд/

-Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйгээр цалингаа олгож болно. Ажил олгогч болон ажилтны төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг Монгол Улсын Засгийн газар төлнө. Хэрвээ энэ сард төлсөн бол буцаан олгоно. Харин тухайн аж ахуйн нэгжийн орлого нэг төгрөгөөр буурсан үйл ажиллагаа доголдсон гэж үзнэ. Зарим ААН-ийн орлого одоогоор хэвийн байгаа тул НДШ-ийн хөнгөлөлтөд хамаарахгүй. Гэхдээ коронавирусийн нөлөө он дуустал үргэлжилнэ гэж харж байгаа. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй байх магадлалтай. Цаашилбал, НДШ-ээ төлчихөөд эргүүлж авъя гэснээс анхнаасаа төлөхгүй явах нь зөв гэдэг журмыг Засгийн газраас гаргасан.

 

С.Чинзориг: Ажлын байраа хадгалсан ААН-ийн НДШ-ийг чөлөөлөхөөр болсон /ХНХ-ын сайд/

-Цаг үетэй холбогдуулан эдийн засгийг эрчимжүүлэх тодорхой тогтоол гаргаж, нийгмийн даатгалаас иргэн, аж ахуйн нэгжийг чөлөөлөх болон санхүү нь хүндэрсэн аж ахуй нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг энэ сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл чөлөөлж, дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-н хүртэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Тухайлбал, энэ 1-нээс үйл ажиллагаа нь доголдсон, борлуулалтын орлого нь буурсан ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудад зургаан сарын хугацаатай НДШ-ийг чөлөөлөхөөр болсон. Үүнд, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуй нэгж, байгууллага хамаарна.Төрийн бус байгууллага үүнд хамаарна. Өмчийн хэлбэр үл хамааран их, дээд сургуулийг хамруулж байна Дээрх байгууллагын ажилчид болон сайн дураараа даатгал төлөгчид хөнгөлөлтөд хамаарна.