ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Дорлигжав: Нүүрсний хулгайн хэргийг хэрэгсэхгүй болгосныг санахгүй байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-12-05

Нүүрсний хяналтын сонсголын хоёрдахь өдрийн үдээс өмнөх хуралдаанаар “Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт, олборлолтын талаарх мэдээллийг сонсоод түр завсарлав. Тус ордод хяналт шалгалт хийсэн ажлын хэсэг буюу шинжээчийн зүгээс АМНАТ болон Ашиглалтын үйл ажиллагааны тайлангийн харьцуулалтаас 362.16 мянган тонн нүүрс зөрүүтэй гарсан гэдэг мэдээллийг өглөө.

Тодруулбал, 2015-2022 онд борлуулсан нийт нүүрсний тоо хэмжээг Ашиглалтын үйл ажиллагааны тайлан болон АМНАТ-ын тайланд тусгасан дүнтэй харьцуулж үзэхэд дээрх зөрүү гарчээ. Мөн пүүний программын датаг харьцуулж үзэхэд ч 3.7-4.5 сая тонны зөрүүтэй байжээ.

Тэгвэл энэ талаар Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан С.Сугир ярихдаа “390 мянган тонн нүүрс хулгайгаар хил гаргачихлаа гэдгийг 2013 оноос хойш би ярьсан. Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалт, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалтаар 3758 тээврийн хэрэгслээр 379 мянган тонн нүүрсэнд бүрдүүлэлт хийсэн бичиг баримт Монголын гаалиас олдоогүй атлаа Хятадын талаас маш зузаан материал ирсэн. Үүнийг 2013 онд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Хэрвээ тэр үед шалгачихсан бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 340 мянган тонн нүүрсний хулгай гарахгүй байлаа.

“Эрдэнэс Тавантолгой”-гоос алдагдсан гэх 340 мянган тонн нүүрсийг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК төлж барагдуулсан нь хууль зөрчсөн үйлдэл. Шүүхийн шийдвэр гараагүй байхад төлсөн нь хууль зөрчсөн. УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэний байгуулсан “Тавантолгой транс” ХК нь эндээс олборлолт хийгээд гаргачихсан юм биш үү хэмээн хардах үндэслэлтэй юм. Учир нь “Тавантолгой транс” нь “Тавантолгой” ХК-иас худалдаж авсан нүүрснээсээ 260 мянган тонн нүүрс хилээр илүү экспортолсон бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайгаас энэ нүүрсийг авсан хэмээн хардах үндэслэл болсон” гэв.

Тэгвэл Түр хорооны дарга Б.Энхбаяр тухайн үед хэргийг яагаад хаасан талаар УЕП асан Д.Дорлигжаваас мэдээлэл хүсэхэд “Улсын Ерөнхий прокурорт танилцуулагдаагүй хэрэг бололтой. Би санахгүй байна. Гаалийн зөрүүтэй мэдээлэл нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэж Нийслэлийн прокурор хэрэгсэхгүй болгосон бололтой. Тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурор өөрөө хэний ч нөлөөнд автахгүйгээр хэргээ шийдээд, хариуцлагаа хүлээдэг хуультай. Таныг Д.Дорлигжав хэргийг хэрэгсэхгүй болгоод гэж ярьж байсныг зөндөө сонссон. Та хэргээ шийдүүлэх гэж байгаа бол хэргээ шийдүүл. Улстөржүүлэх гэж байгаа бол улстөржүүл. Аль нь ч биш болгоод хаячихаж байгаа байхгүй юу” гэв.

Тэгвэл Түр хорооны дарга Б.Энхбаяр “Таны хамаарал бүхий “Женерал тех” ХХК нь 2013 оны үед буюу яг энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон цаг хугацаатай зэрэгцэн “Тавантолгой” ХК-тай нүүрсний гэрээ байгуулсан түүхтэй” хэмээлээ.