ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Туваан: Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно

O.Admin
3 цагийн өмнө

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Туваан Дорноговь аймгийн Алтанширээт суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцжээ. Тэрбээр, энэ талаараа “Дөрвөн багцын ажил маш эрчимтэй сайн явагдаж байна.

Хамгийн чухал буюу технологийн тоног төхөөрөмжтэй хэсгийн гэрээ байгуулагдсан. Санхүүжилтийг мөн шийдлээ. 2028 оны нэгдүгээр сар гэхэд үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ярьж байна. Монгол Улсыг тэжээж байгаа уул уурхайн орлогыг бүрдүүлж буй бүс бол говийн бүс. Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт ч маш чухал.

Засгийн газраас зарласан 14 мега төслийн долоо нь манай яаманд харьяалагдаж байна. Үүний тав нь говийн бүсэд хэрэгжих юм. Газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна Дорноговь аймгийн Ханбогд суманд Гашуунсухайт боомтод төмөр замын хил холболт эхлэх гэж байна. Энэ бол манай Монгол Улсын хувьд өмнөд хөрштэйгөө 70 жилийн дараа төмөр замаар холбогдох дагалдах том гэрээнүүдтэй маш том үйл явдал болох нь ээ. Үүнийг дагаж дараагийн төслүүд хөдөлнө өө. Говийн бүсийг усжуулах төсөл бол маш чухал байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн төслүүд хэрэгжихэд ус, эрчим хүч, хүний нөөц яригддаг. Энэ бүгдийг говийн бүсийн хөгжлийн чуулганаар дэс дараатай ярина аа" гэлээ.

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт дөрвөн багц ажлаас бүрдэж буй. 

“Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн бүтээн байгуулалтыг дэд бүтэц, барилга байгууламжийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын сүүлийн гэрээ болох EPC 4 багц ажлын гэрээг байгуулж, Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн шугамд оруулаад байгаа билээ.