ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Нэргүй: МАН Их эвслийн Засгийн газар байгуулах ёстой

O.Admin
14 цагийн өмнө

Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дараагийн Ерөнхий сайдыг тодруулах Бага хурлын товийг тогтоож буйтай холбогдуулан тус намын Бага хурлын гишүүн С.Нэргүй Их эвслийн Засгийн газар байгуулах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр, хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МАН нь УИХ-ын сонгуулиар 68 суудал авсан хэдий ч ард түмний амьдралын чанар, улс орны нөхцөл байдлын төлөө хамтарсан Засгийн газар байгуулан ажилласан. Энэхүү Засгийн газар нь улс орны тулгамдсан асуудал, томоохон төслүүдийг хөдөлгөж амжилттай ажиллаж чадсан юм.

Гэвч, олон улсын болон бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдал нь улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлэх, ужигруулах учраас МАН-ын Бага хуралд намын жирийн гишүүдийн саналыг оруулж хэлэлцүүлж өгөхийг хүсэж байгаа.

Нэгдүгээрт, Үндэсний их зөвшилцлийн Засгийн газар байгуулж, парламентад суудалтай улс төрийн намуудтай хамтарч ажиллах

Хоёрдугаарт, шинээр томилогдох Ерөнхий сайд нь МАН-ын эв нэгдлийг хангах, улс орны эрх ашгийг эрхэмлэх хүн байгаасай.

Өмнө нь хамтарсан Засгийн газар байгуулснаар ажил урагшилж байсан. Гэтэл одоо хэлэлцэх хуулийн төсөл ч байхгүй гээд засгийн хямрал үүсгэчихээд байна. Өмнөх Бага хурлаар ч миний бие хамтарсан Засгийн газрыг дэмжиж байсан. Надтай адил саналтай 100 гаруй гишүүн байсан. Тэд ч байр сууриасаа ухрахгүй байх. Эдийн засгийн онцгой нөхцлөөс хамтарч байж л гарна” гэв.