Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 19 гишүүний 17 нь дэмжсэнээр 84.2 хувийн саналаар Ерөнхий сайдад дэмжлээ. Хуралдааны үеэр саналаа хэлсэн зарим гишүүдийн байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн Бат.Батбаатар: Монголчууд бэлэгдлийн ард түмэн. Эхэлж байгаа үйлд ерөөл айлтгадаг. Засгийн газар тогтвортой, зөв ажиллаж байвал тэр хамгийн зөв. Олон намын тогтолцоотой энэ парламентад Ерөнхий сайдад нэр дэвшигчийг ганцхан нам буюу эрх бүхий субьект санал болгодог. МАН дотоод шалгуураар үнэлээд оруулж ирсэн гэж үзэж байгаа. Эрх мэдэл нэгээс нөгөөд шилжихдээ хурдан шуурхай, нээлттэй ил тод, тайван замаар шилжих ёстой. Энэ асуудалд ямар нэг байдлаар цаг хугацаа алдаж, хөшигний цаана орох нь хямрал руу түлхэж, эцэст нь иргэд нь хохирдог. Ядуурлын эсрэг Засгийн газар байгаасай. Өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн баялаг дээр өнөөгийн улс оршиж байна. Баялаг өвлөгдөж, үр ашгаа өгдөг тийм төрийг бий болгоорой.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Нэр дэвшигчийг дэмжиж байна. Гэхдээ та Г.Тэмүүлэнтэй Бага хуралд өрсөлдөхөд би Г.Тэмүүлэнг дэмжээд явж байснаа хэлье. Ажил хэргийн хувиар сарын өмнө уулзаж байснаас хойш сая л гар барьж мэнд мэдлээ. Ямар нэг байдлаар хамтарсан Засгийн газар байгуулах, урилга өгөх асуудал яригдаагүй.
Би сөрөг хүчний манлайлалд дадлагажсан. Хамтралд ч дадлагажиж ирсэн. Албан тушаал горилж даргын үүд сахиж сураагүй учраас битгий хардаж сэрдээд байгаарай. Өнөөдрийг хүртэл амьд оршин тогтноод байгаа системийн өөрчлөлтийг ханцуй шамлаад хийх ёстой. Өнгөрсөн Засгийн газар том ажлын эхлэлийг тавьсан. Төрийн өмчийг хувьчлах ёстой. Төрийн албанд цомхотгол гэхээс илүү хувьд шилжүүлэх хэрэгтэй.
Нийгмийн даатгалын шинэчлэлийн хуулийг заавал хэрэгжүүлье. Төрийн өмчит компаниудыг эрс шийдэмгий өөрчилье. Ирэх сонгуулиудаар улс төрийн оноо алдчих вий гэсэн сонгуулийн нүдээр битгий хараарай. Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй. Хулгана барьж чаддаг байх нь зөв гэж та хэллээ. Тэгвэл хар муураар битгий засгаа бүрдүүлээрэй. Болж өгвөл цагааныг оруулж ирээрэй.
УИХ-ын гишүүн Э.Болормаа: Төрийн албаны шинэчлэлийг би байнга ярьдаг. Төрийн албаны шинэчлэлийг оруулж ирээсэй гэж хүсье. Төрийн албанд шинэчлэл зайлшгүй хэрэгтэй шүү. Ажлын бүтээмж, үр дүнг бий болгох систем нь илүү хүртээмжтэй байх ёстой юм шүү.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Судалгааны ажил хийдэг энэ талаар нэлээд дөртэй хүн бол Г.Занданшатар дарга юм. Эрх чөлөөний индексийг гишүүд яриад байна. Ж.Баярмаа гишүүн яриад байгаа судалгааг бол олон улс анхаардаг л даа. Гэхдээ гайгүй гарсан судалгаа ч бас байдаг. Хуульзүйн сайдын хувьд судалгаанд нэлээд анхаарч хэд, хэдэн хуулийн төсөл өргөн барьсан. Жагсаал цуглааны тухай, Хэвлэлийн эрх чөлөө зэрэг өргөн барьсан хуулиудад дэмжлэг үзүүлж, төрийн залгамж халааг мөрдөж ажиллана гэдэгт итгэж байна.