ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: Захидлыг тэрбумаар биш 100 төгрөгөөр хэвлэсэн юм шүү

O.Admin
11 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр буюу хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр сурагчдад хаягласан захидал илгээсэн билээ. Тэгвэл энэхүү захидлыг төсвийн тэрбум төгрөгөөр хэвлүүлж тараасан гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн мэдээллийн үеэр тайлбар өглөө. Ерөнхий сайд хэлэхдээ “Өчигдөр надад төсвийн мөнгөөр тэрбум төгрөг зарцуулж захидал тарааж байна гэх шүүмжлэл ирлээ. Энэ тэрбумыг зарцуулаагүй юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол шуудан банк ширхэгийг нь 100 төгрөгөөр хэвлэж өгсөн шүү.

Миний захидал ч биш Засгийн газрын захидал юм. Орос хэл сайн сураарай гэж нэг хэлийг онцоллоо гэж шүүмжилжээ. Англи хэлийг тэртээ, тэргүй хуульдаа тусгаад хүүхдүүд сураад эхэлж байгаа. Анги бүрийн онцлогт тааруулж бичсэн. Дэлхийн олон хэлийг сайн сураарай, орос хэлийг ч бас битгий орхиорой гэсэн санааг тусгасан юм. Хүүхдүүдэд урам зориг өгөх энэ ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн гэж ойлгоорой” хэмээн тайлбар өглөө.