ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТӨСӨВ 2026: Эрчим хүчний салбарт 3.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

O.Admin
11 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд Т.Доржханд болон Засгийн газрын бусад сайд нар 2026 оны төсвийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ "Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөлөө.

Ирэх жилийн төсвийн  бодлого макро түвшинд төсвийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг хүрсэн түвшнээс бууруулахгүй, улмаар ахиулан сайжруулахад чиглэгдэж байгаа.

D-parliament цахим системээр татварын багц реформын төслийг хэлэлцүүлж байна. Энэ багц хуулийн төсөл нь нийт иргэд, бизнес эрхлэгчдийн 3-4 их наяд төгрөгийн татварын дарамтыг бууруулахад чиглэж байгаа. Төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн орон зайг тэлж, дэмжиж байгаа төсөв.

2026 оны төсвийг ард түмэнтэйгээ хамт боловсрууллаа. Иргэн сард нийт сая төгрөгийн худалдан авалтын 5 хувь НӨАТ-ыг буцаан авна. НӨАТ-ын буцаалтад иргэн бүр хяналт тавина. Дэлхийн эдийн засаг эгзэгтэй байгаа ч НӨАТ-ын буцаан олголтыг 2.5 дахин нэмэгдүүлнэ. 2027 оноос бүр 100 хувь буюу 10 хувиар нь буцааж олгоно. Ингэж үе шаттайгаар дундаж давхаргаа дэмжсэн, татварын шинэчлэлийг хийнэ. НӨАТ-ын хуулийг өргөн мэдүүлснээр сардаа 800 мянган төгрөгийн худалдан авалт хийлээ гэхэд 80 мянгыг НӨАТ-д төлөөд, 40 мянгыг нь буцааж авна гэсэн үг.

Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан боловсролд хамрагдалтыг 100 хувьд хүргэх, анги бүлгийн хүүхдийн тоог стандартын түвшинд хүргэж бууруулах зорилт тавьж байна. Дунд хугацаанд буюу 2028 он хүртэл 95 цэцэрлэг, 108 сургуулийг шинээр барьж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд ирэх онд улсын төсөв болон гадаад зээл тусламжаар боловсролын салбарт нийт 1.0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлнэ. Боловсролын салбарын төсөв хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Түүнчлэн ирэх онд багшийн ажлын ачаалалд нийцсэн цалингийн бүтцийг бий болгоход зориулж боловсролын салбарын хувьсах зардлыг 100.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Орон сууцжуулах асуудлыг Үйлдвэрчний эвлэлтэй хамтран хэрэгжүүлээд явна. 73 цэцэрлэг, 117 сургууль, 60 гаруй тэрбумын тоног төхөөрөмж шийднэ" гэсэн мэдээлэл өглөө. 

2026 оны төсвийн онцлох заалтуудаас хүргэвэл,

-Аялал жуулчлал, хөдөө аж ахуйг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийг олгоно

-2026 онд 2000 км автозам, 1300м гүүр барина

-Боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжлийг дэмжинэ

-Үр ашиггүй, алдагдалтай 22 төрийн өмчит компанийг татан буулгана

-Жилд 2.5 тэрбумаас бага орлого олдог бүх компани хөнгөлөлт эдэлнэ

-Татварын өртэй компанийн данс царцаадаг бүдүүлэг байдлыг хална

-Эрчим хүчний салбарт 3.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

-Чиг үүргийн давхардалтай 17.000 төрийн албан хаагчийг цомхотгоно

-Уул уурхайн хэт хамааралтай эдийн засгийг төрөлжүүлнэ

-Иргэн хэдэн төгрөгийн цалин авахаас үл хамаарч сар бүрийн цалингийн 800 000 төгрөгт татвар тооцохгүй.

-Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлсэн

-2.5 тэрбум хүртэлх орлоготой ЖДҮ эрхлэгчид хөнгөлөлт эдэлнэ гэсэн заалтуудыг тусгажээ. Харин Сангийн сайд Б.Жавхлан “Ганцмод-Гашуунсухайтын төсөл эхэлнэ. 14 мега төслүүдийн нэлээд хэд нь ирэх онд хөдөлнө гэсэн тооцоолол гаргалаа. Эрдэнэбүрэнгийн төсөл мөн эхэлж байгаа.

Газрын тосны үйлдвэрийн хамгийн чухал бүтээн байгуулалт 2027 онд явна. Ирэх жил ч төсөл үргэлжлээд явна.  НӨАТ дээр 800 тэрбумыг буцаан олгоно. 2027 оноос 1.5 их наядыг буцааж олгоно. ХХОАТ-ын буцаан олголт гэх мэт нэмэгдэхээр 4 их наяд руу дөхөх байх” гэлээ.